АНУ-ын Төрийн департаментын энэ сарын 2-ны өдөр нийтэлсэн тайланд өнгөрөгч онд АНУ-ын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нарын бусад улсын тэргүүнүүдээс авсан бэлэг, түүний үнийн дүнг нийтэлжээ.
Уг тайланд дурдсанаар, Тэргүүн хатагтай Жилл Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигээс 20 мянган ам.долларын үнэ бүхий 7.5 каратын алмаз авчээ. Энэ бол Тэргүүн хатагтайн авч байсан хамгийн үнэтэй бэлэг аж. Мөн Жилл Байден Украины Элчин сайдаас 14 мянган ам.долларын үнэтэй гархи, Египетийн ерөнхийлөгч болон түүний эхнэрээс 4510 ам.долларын үнэ бүхий бугуйвч, энгэрийн зүүлт, зургийн цомог бэлгэнд авсан байна.
Харин Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолоос 7100 долларын үнэ бүхий дурсгалын зургийн цомог, Монгол Улсын Ерөнхий сайдаас 3495 ам.долларын үнэ бүхий монгол дайчны хөшөө, Брунейн султанаас 3300 ам.долларын үнэтэй мөнгөн эдлэл, Ерөнхийлөгчөөс нь 3160 ам.долларын үнэтэй мөнгөн тавиур тус тус бэлгэнд авчээ.
АНУ-ын Холбооны хуулийн дагуу, хэрэв тооцоолсон үнэ нь 480 ам.доллараас давсан бол гүйцэтгэх засаглалын албан тушаалтнууд гадаадын удирдагчид болон түншүүдээс авсан бэлгийг мэдээлэх ёстой байдаг байна. Төрийн департаментын баримт бичигт дурдсанаар 20 мянган ам.долларын үнэтэй алмазыг Цагаан ордны зүүн жигүүрт албан хэрэгцээнд зориулан хадгалж байсан бол ерөнхийлөгч, тэргүүн хатагтайд өгсөн дээрх бусад бэлгийг архивт илгээжээ.