БАРИМТ: Нийслэл жил бүр 250-300 сая төгрөг зарцуулдаг ч, хөрсний хүнд металлын бохирдол аюул заналхийлсэн хэвээр байна

БАРИМТ: Нийслэл жил бүр 250-300 сая төгрөг зарцуулдаг ч, хөрсний хүнд металлын бохирдол аюул заналхийлсэн хэвээр байна

Нийслэлийн байгаль орчны газраас сүүлийн хоёр жил 550 сая төгрөг зарцуулж, хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулжээ. Гэсэн ч хамгийн сүүлд буюу 2024.12.24-ний өдөр тайлагнасан судалгаагаар нийслэлийн 7 дүүргийн хөрснөөс хүнцэл, цайр, хар тугалга, хром, зэс зэрэг хүнд металлиуд илэрсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Энхтайван 2023.03.10-ны өдөр “Хөрсний бохирдол, доройтлыг саармагжуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх” албан даалгавар, тоот тушаал гаргажээ. Албан даалгаварт, 10 га нутаг дэвсгэрт хүнд металлын бохирдлыг саармагжуулах ажилд 250 сая төгрөг төсөвлөсөн байгаа юм. 

Түүнчлэн, Нийслэлийн байгаль орчны газрын дарга Р.Энхтайван 2024.01.08-ны өдөр “Хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах” албан даалгавар, тоот тушаалыг мөн гаргасан байна. Энэхүү албан даалгаварт, 10 га талбайд хүнд бохирдлыг бууруулах ажил хийхээр төлөвлөж, 300 сая төгрөг төсөвлөжээ.

Мэргэжилтнүүд хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахын тулд, нүхэн жорлонг буулгах болон тухайн талбайд хошоон, согоовор, өлөнгө, ерхөг, наранцэцэг, эрдэнэшиш зэрэг нэг болон олон наст ургамал тарихыг зөвлөдөг. Тэгвэл Нийслэлийн байгаль орчны газар сүүлийн хоёр жилд 550 сая төгрөг зарцуулж, 20 га газарт эдгээр ургамлыг тариалжээ. 

-НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА 70 САЯ ТӨГРӨГӨӨР ХҮНД МЕТАЛЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖЭЭ-

Гэсэн хэдий ч 2024 оны аравдугаар сард нийслэлийн 7 дүүргийн 110 цэгт хөрсний дээж авч шинжлэхэд  хүнцэл, цайр, хар тугалга, хром, зэс зэрэг хүнд металлиуд илэрчээ. Тодруулбал, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024.07.19-ний өдөр 70 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, Улаанбаатар хотын орон нутгийн төсвөөр хөрсний хүнд металлын бохирдлын судалгааг хийлгэжээ. Тус тендерт “Грийн сервис” ХХК шалгарч, Улаанбаатар хотын 7 дүүргийн 110 цэгээс дээж авч шинжилсэн байна. Судалгааны үр дүнд нийслэлийн 7 дүүргийн хөрснөөс хүнцэл, цайр, хар тугалга, хром, зэс зэрэг хүнд металлиуд илэрчээ.