Өнгөрсөн долоо хоногийн мягмар гараг буюу арван хоёрдугаар сарын 31-ний өдөр Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай" байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байв.
-ЖУРМЫГ УИХ-ЫН ГИШҮҮН А.АРИУНЗАЯА БОЛОВСРУУЛЖЭЭ-
Гэвч ирц хүрээгүй гэх шалтгаанаар тус хуралдаан болоогүй байна. Одоогийн Засгийн газарт ажиллаж буй сайд нар бүгд "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүнээр ажилладаг. Тэгэхээр энэ журам нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын бусад сайд нарыг УИХ-ын чуулганы хуралдаанд өөр дэгээр оролцоход зориулагдаж байна гэсэн үг. Журмыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа боловсруулжээ.
Түүнээс энэ талаар тодруулахад "Засгийн газрын гишүүд буюу сайд нар чуулганы хуралдаандаа суудаггүй гэх олон нийтийн шүүмжлэл байдаг. Тэгэхээр энэ журамд сайд нарыг чуулганы хуралдаанд суух талаар тусгаж өгсөн. Ямар нэгэн хүндэтгэх шалтгаантай бол заавал чөлөө авна. Мөн Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Аливаа асуудлыг танхимаараа хэлэлцэж шийдвэр гаргаад УИХ-аар хэлэлцүүлдэг. Гэтэл Засгийн газар дээр нт шийдвэр гарчхаад байхад УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр зарим сайд нар хувь гишүүнийхээ хувиар үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаад тэр асуудлыг унагадаг, сөрдөг гэх мэт асуудлууд бий. Тиймээс үүнийг журамлаж, байнгын хорооны тогтоолын төсөл болгож байгаа юм" гэлээ.
УИХ-ын гишүүд нь чуулганы хуралдаанд Дэгийн хуулийг баримталж оролцдог. Гэтэл тус хуулинд энэ талаар тодорхой тусгаагүйгээс үүдэн тус журмыг боловсруулсан байна. Намрын чуулганы хугацаанд тус УИХ 2025 оны төсвийн төслийг хоёр ч удаа хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр сайд нар оролцохгүй байна гэх шүүмжлэлийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнга сануулж байв. Мөн 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьж, түүнийг хоригийг УИХ хүлээж авсан бөгөөд төсвийн төслийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг Засгийн газрын долоон гишүүн дэмжээгүй. Энэ мэт Засгийн газрын гишүүдийг танхимын шийдвэрээ сөрж, хувь гишүүний байдлаар үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргахыг нь хориглож буй аж.