“Голомт”-ын Д.Баясгалан, гарьд Ц.Цэрэнпунцаг нарын цахилгаан станц ашиглалтад орсон нь хамтарсан Засгийн газрын “гавьяа” биш

“Голомт”-ын Д.Баясгалан, гарьд Ц.Цэрэнпунцаг нарын цахилгаан станц ашиглалтад орсон нь хамтарсан Засгийн газрын “гавьяа” биш

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ “34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа” хэмээн ярьсан.

-"ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАНГИЙН "БӨӨРӨЛЖҮҮТ" ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ 2015 ОНООС ЭХЛЭЛТЭЙ-

Эрчим хүчний үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж, цахилгааны хязгаарлалт хийж, үнэ тарифыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн өнөөдрийн нөхцөлд “эрчим хүчний үнийг чөлөөлсөн”, “цахилгаан станцын тоог, эх үүсвэрийг нэмэгдүүлсэн” гэх зэрэг үгс чихэнд чимэгтэй сонсогдох нь дамжиггүй.

Гэхдээ өнөөдөр ашиглалтад орсон 300 мегаваттын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажил тэртээ 2015 оноос эхлэлтэй.

Тодруулбал,  2015 онд БНХАУ-ын Далиан хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Зуны Чуулга уулзалтад оролцох үеэрээ “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурж байжээ.  Улмаар 2024 онд “Нийслэл” бондын санхүүжилтээс 300 тэрбум төгрөг авч “Бөөрөлжүүт” цахилгаан станц 9 жилийн дараа ийн ашиглалтад орсон юм.

-Ц.ЦЭРЭНПУНЦАГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БУЮУ 130 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР "ТОСОН" ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА-

“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станц нийслэл хотод цахилгаан нийлүүлж эхлэхтэй зэрэгцээд баруун бүсэд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Тосон” цахилгаан станц ашиглалтад орж Завхан, Говь-Алтай аймгуудад эрчим хүч нийлүүлэхэд бэлэн болжээ.

“Тосон” цахилгаан станцыг УИХ-ын гишүүн асан, гарьд Ц.Цэрэнпунцаг 2020 оноос хойш өөрийн хөрөнгөөр барьж эхэлсэн гэдэг.

“130 тэрбум төгрөгөөр боссон 18 мегаватт цахилгаан станц нь Завхан аймгийн нэг өрхөд 6 сая, нэг иргэнд 1.8 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт болж, нутгийн хөгжилд үр ашгаа түгээнэ” гэж УИХ-ын гишүүн асан, гарьд Ц.Цэрэнпунцаг тодотгож байсан. Гэвч тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсан.

-"БӨӨРӨЛЖҮҮТ", "ТОСОН" ЦАХИЛГААН СТАНЦУУД БОЛ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН ТӨСЛҮҮД-

Нэг үгээр ойрхон ашиглалтад орсон “Голомт”-ын Д.Баясгалан, УИХ-ын гишүүн асан, гарьд Ц.Цэрэнпунцаг нарын “Бөөрөлжүүт”, “Тосон” цахилгаан станцууд бол олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн төслүүд. Түүнээс биш эрчим хүчний үнэ чөлөөлөх шийдвэр гармагц, шидэт “дохиур”-аар дохисон шиг гэнэт гараад ирсэн бүтээн байгуулалт биш юм. Үнэндээ эрчим хүчний реформ, үнэ чөлөөлөх бодлого гэгч нь бодит байдал дээр тогны мөнгийг нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг нэмсэн явдал болсон. Гадаадын улс орнуудад төр засаг алдагдалтай ажилласан ч эдийн засгийн суурь болсон цахилгаан, шатахууны үнийг бодлогоор барьдаг жишиг ч бий. 

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар “гавьяа” байгуулж, “үнэ чөлөөлж” ард түмнийг зовлонгоос гэтэлгэсэн мэтээр “попорч”, "ардын баатар" болохыг хүссэн бололтой.




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө