ЯРИЛЦЛАГА: Худалд бүдгэрсэн үнэнийг эрэн сурвалжлав /ВИДЕО/

ЯРИЛЦЛАГА: Худалд бүдгэрсэн үнэнийг эрэн сурвалжлав /ВИДЕО/

“Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

ВИДЕО: 

-НАР САЛХИНД ҮНЭТ ЧАНАРАА АЛДАЖ БАЙСАН ОВООЛГЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ 300 ГАРУЙ ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОСНЫ ЗЭРЭГЦЭЭ 500 ГАРУЙ ТЭРБУМЫН ТАТВАРЫГ ТӨСӨВТ ТӨЛСӨН -

-Урилга  хүлээн авсанд баярлалаа. Энэ ярилцлагыг хийхийн тулд таныг маш их гуйлаа. Эцэст нь зөвшөөрсөнд баярлалаа?

-Урьсанд баярлалаа. Ний, нуугүй хэлэхэд олон хүн ярилцах санал тавьсан. Цаг нь болсон учраас  өөртэй тань уулзсан юм. Үнэн гутлаа өмсөж байхад худал уул давдаг гэх зүйр үг бий. Үнэн худлыг гүйцэх нь үү, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд өөртэй  тань ярилцаж байгаа юм.

-Таны хувьцаа эзэмшдэг “Ачит Ихт” ХХК "Эрдэнэт" үйлдвэрийн блансаасаа хассан, хаягдал овоолгыг дахин ашиглаж, зэс боловсруулдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд “Ачит Ихт” ХХК Монгол улсын төсвийн ачааллаас хэрхэн үүрэлцэж, хэдий хэмжээний татвар хураамж төлөв?

-За би товч хариулахыг хичээе. Би Пунцагийн Цагаан. Миний аав Халхголд таван жил цэргийн алба хаасан, баруун хилийг төвхнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, Ардын их хурлын депатут байсан, хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэж байсан эх оронч, эр цэрэг, зохион байгуулагч хүн байсан. Тэр гадаад, дотоодод ажиллаж байсныг нь би хожуу мэдсэн. Гурван эрэгтэй, гурван эмэгтэй хүүхэдтэй айлын дундах. Би төр түмний буянаар Монголын болоод дэлхийн хамгийн том сургуульд боловсрол эзэмшсэн, түүнийхээ төлөө бүх ажил үйлс, амьдралаа эцгийнхээ адил эх орондоо зориулсан, зориулъя гэж боддог, эх орон сэтгэлтэй хүн. Миний итгэл үнэмшлээр бол "Эрдэнэт" үйлдвэрийн блансаас хассан, хаягдал овоолгыг ашиглаж буй нь үлгэр жишээ төсөл. Ганц жишээ хэлэхэд, өнгөрсөн 10  жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөв болон Эрдэнэт үйлдвэрт 500 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж, төлбөрийг төлсөн. Асар их тоо.

Нар салхинд блансаас хасагдаад үнэт чанараа алдаж байсан овоолгыг өндөр технологи, өндөр мэдлэг чадвартай хүмүүсийн хүч, менежментийг ашиглаад эдийн засгийн эргэлтэд оруулж 300 гаруй хүнийг ажлын байртай  болгож дээрээс нь ийм их хэмжээний татвар хураамж төлнө гэдэг бол эх оронч төслийн үлгэр жишээ гэж боддог.

Хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулбал ямар их нөөц бололцоо байгааг бид харуулсан. Эрдэнэтэд 10 гаруй овоолго бий. Хаягдлыг нь л ашиглахад бидэнд ямар их нөөц бололцоо байгааг харуулсан төсөл юм. Цаана нь олон ногоон ус, хаягдлын аж ахуй бий. Монголд маш олон уурхай байгуулагдаж байна. Тэгэхээр энэ төсөл бусад уул уурхайнуудад үлгэр жишээ болохуйц төсөл гэж боддог.

-Манай уул, уурхайн компаниуд өрмийг нь аваад л хаячихдаг. Үнэхээр цамаан загнадаг юм билээ?

-Цамаанаар барахуу даа. Ганц тоо хэлэхэд, бүх уурхайд хаягдал овоолго, нуур цөөрөм үүсдэг. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрт 12 овоолго байна. Тэнд цагаан тоосноос гадна зэс молибден, алт, төмрийн хэдэн сая тонн металь бий. Тэгэхээр хэтэрхий цамаан. Монгол Улс мал гаргаад толгой шийр, арьс ширийг хаячихдаг цамаан айл шиг амьдарч байна. Үүнийг өөрчлөхийн тулд санаачилсан, маш олон талын ач холбогдолтой төсөл гэдэгт би 100 хувь итгэдэг. Магтуулах, судлууштай, дэлгэрүүлэх ёстой төсөл гэдгийг би мэддэг. Учир нь би Африк, Ази гээд дэлхийн маш олон оронд очиж судалж байсан. Уурхайг дагаж үүссэн овоолго, хаягдал, нуур цөөрөмд байгаа эрсдэл бүхий баялгийг ашиглахыг бүх улс дэмжиж, татвар, технологи, боломжоор дэмждэг. Түүнийг л Монголд харуулъя гэж бодсон юм.

-Олон нийтийн дунд нэг эргэлзээ бий. “Ачит Ихт” ХХК төслийг хэрэгжүүлэхдээ санхүүжилтийг хаанаас босгосон юм бэ.  Эрдэнэт үйлдвэрийн хоёрдугаар овоолгыг ашиглах эсэх талаар Английн “Centralasiametals” компани 2000 оны эхээр судалгаа хийгээд “эрсдэлтэй юм байна” гээд гараад явчихсан юм билээ. Тухайн үед хэдий хэр хэмжээний зэс гарах нь тодорхойгүй, захын агуулгатай овоолго гээд голоод хөрөнгө оруулах компани цөөхөн байсан байх. Та энэ үйлдвэрээ босгохдоо санхүүжилтээ яаж  босгосон юм?

-2006 оны нэгдүгээр сард манай Засгийн газар огцроод би ажилгүй байж байсан чинь тухайн үед Эрдэс баялаг хариуцаж байсан сайд намайг урьж, Английн “Centralasiametals” компанитай холбож өгсөн юм. Ингээд би тэр компанид орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Тэр компани Эрдэнэтийн овоолгуудыг ашиглаад эдийн засгийн эргэлтэд оруулахыг их сонирхож байсан. Тэр нь надад ч сонирхолтой байсан. Тэд нар ингэж сонирхож яваад эрсдэлтэй юм байна гээд хаяад Казахстан руу явчихсан. Тэгэхээр нь би тэдний хаяад явсан төслийг 2006 оноос хэрэгжүүлсэн. Түүнээс өмнө Эрдэнэт үйлдвэр өөрөө АНУ-ын компаниар судалгаа хийлгүүлэхэд “эрсдэлтэй” гээд татгалзсан байсан. Тэгэхээр үүнийг сонирхдог хүмүүс олон байсан ч зориглож хийж чаддаггүй байсан байгаа юм. Мөнгө босгохын тухайд үнэхээр хэцүү байсан.

Би Монголын нэг компанийн эзэнтэй ярьж байгаад 100 хувь санхүүжилт хийлгэсэн ч явцын дунд эрсдэлээс айгаад зогсоосон.

Ингээд зогсоод жил гаруй болсон. Зээлээс, бондоос, улсаас мөнгө олдоогүй эцсийн дүндээ Noble компаниас 24 сая долларыг өндөр хүүтэй зээлж аваад хөдөлсөн. Нэмж банкнаас ч зээл авсан. Эцэст нь амжилттайгаар ард нь гарсан. Ингэхдээ улсаас, бондоос, Эрдэнэтээс хөнгөлөлттэй, хөнгөлөлтгүй зээл аваагүй. Дандаа хувийн болон арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч босгосон төсөл юм. Маш олон зовлон туулсан төсөл.

-ЯЛАЛТЫН ШИРЭЭНИЙ АРД ХҮМҮҮС БАГТДАГГҮЙ, ЯЛАГДЛЫН АРД ХАРИУЦАГЧ ОЛДОГГҮЙ ҮГ ГЭЖ БАЙДАГ. НАДАД ЗОРИГ БАЙСАН, АЗ Ч ТҮШСЭН-

-“Ачит Ихт” ХХК-ийн захирлаар Пунцагийн Бат-Оч гэдэг хүн ажилладаг байсан гэж улстөрчид ярьдаг. Өөрөөр хэлбэл, энэ сэдвийг улстөржүүлэхдээ "П.Цагаан өрийнхөө дүүг компанийнхаа захирлаар томилоод ажиллуулсан” гэж ярьдаг. Энэ хүн таны дүү мөн үү?

-Биш л дээ. Тухайн үед эрт залруулаагүйдээ өөртөө харамсаж байгаа. Энэ хүн төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн банкны төлөөлөгчийн хувиар “Ачит Ихт” компанид захирлаар ажиллаж байсан хүн. Хамаатан садан бүү хэл миний танихгүй хүн. П.Бат-Оч гуай техникийн ухааны доктор, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, хөлбөмбөг тоглодог, янз бүрийн төсөл босгож байсан их мундаг хүн. Надтай ах, дүүгийн холбоогүй. Авлигатай тэмцэх газрын дарга Энхжаргал, П.Бат-Оч гуайг П.Цагааны дүү гэж УИХ-ын гишүүдэд танилцуулчхаад дараа нь уучлалт гуйж байсан. Хууль зүйн сайд байсан Б.Энхбаяр бас л андуурч ярьж байсан. Ижил нэртийн чих сонор гэдэг чинь андуурал гараад байдаг юм байна. Гэхдээ би үүнд ач холбогдол өгдөггүй.

-“Ачит Ихт” ХХК-г байгуулахдаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа ашигласан гэх мэдээлэл байдаг. Та өөрийнхөө давуу байдлыг ашигласан уу?

-Энэ ямар ч утгагүй, холбоогүй асуудал. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болохоос өмнө би энэ төслийн зөвлөх нь байсан. Ерөнхийлөгч манай төслийн талаар сонсчихоод надтай түр, тар хийж байсан ч удаа бий. Хаа, хамаагүй хүнтэй холбож ярихаар нь би ач холбогдол өгдөггүй байсан юм. Энэ төсөл 2006 онд эхэлчихсэн байсан. Англичуудын “эрсдэлтэй” гээд орхиод явчихсан төслийг л үргэлжлүүлсэн шүү дээ. Англичуудтай байгуулсан анхны гэрээ нь англи хэл дээр бий.  Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Зоригт гэх хүн манай үйлдвэрт очоод “Цагаанаа чи их зоригтой хүн байна. Эсвэл азтай хүн байна. Би энэ төсөл рүү хэзээ ч хөрөнгө оруулахгүй” гэж хэлж байсан. Хөгжлийн банк, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн очиж үзэж байсан. Бүх бизнесмэнүүдээс хөрөнгө оруулалт хүсэхэд нүүр бууруулж байсан. Эрдэнэт үйлдвэр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулахгүй гэж байснаа амжилттай болсны дараа юм, юм яриад байгаа юм л даа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд ямар нэгэн хэл ам гаргасан зүйлгүй. Би дэлхийн мэдлэг чадвартай хүмүүсийг Англи, Герман, Канадаас ажиллуулж байсан. Тэр хүмүүст орон байр, унаа тэргийг нь даагаад сарын 25 мянган долларын цалин өгөөд хоёр жил  ажиллуулсан. Тэр хүмүүс манай хүмүүсийг сургаж, дадлагажуулсаны хүчинд манай үйлдвэр жигдэрсэн. Монголд байхгүй маш олон технологи бий. Дэлхийн жишигт 25 метрээс дээш овоолгыг тавьдаггүй. Тэгэхэд Эрдэнэт 80 метр өндөр овоолготой. Дахиж ашиглана гэж огт тооцоогүй овоолго гэдэг нь үүнээс мэдэгдэж байгаа юмюм. Энэ овоолгыг бороожуулахад доош хөвдөггүй, хажуу тийш гарчихдаг. Тэгэхээр овоолго дотор байгаа усыг хянах аргыг Канадаас сурч, тусгай багажаар хянаж байсан. Гэхдээ ард нь амжилттай гарч чадсан. Ялалтын ширээний ард хүмүүс багтдаггүй, ялагдлын ард хариуцагч олдоггүй үг гэж байдаг. Надад зориг байсан, аз ч түшсэн. Авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлж, төсөл амжилттай болоод ирэнгүүт хүмүүсийн сонирхол хөдөлсөн байх.

-Таны захианд “Ах дүү хоёрын матаасаар би цусаа шинжлүүлэх хүртлээ шалгуулж байна” гэсэн байдаг. 2019 онд ах дүү хоёрын дүү нь таны талаар матаас хэлж нутгийнхаа ах Ц.Нямдорж сайдад “шалгаад өгөөч” гээд гомдол гаргаж байсан юм билээ. Энэ дагуу Ц.Нямдорж сайд тухайн үеийн прокурор, Авлигтай тэмцэх газрын даргад чиглэл өгч, “Үүнийг шалгаадах” гэж байсан гэдэг. Энэ шалгалтын нэг зорилго бол “Ачит ихт” компанийн ард Ц.Элбэгдорж гэдэг хүн байгаа гэдгийг тогтоох байсан байх. 2019 онд гомдол өгөөд 2020 онд бүрэн шалгасан тэр шалгалтын дүн яаж гарсан бэ?

-Манай компанийг он дамжуулж шалгахаар маш олон хүн ирсэн. Тухайн үед тагнуулын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж байсныг сүүлд мэдсэн. Хууль зүйн сайдын цохолтоор авлигатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газартай хамтарсан шалгалт хийсэн. Үнэхээр аймар шалгасан. Гишгэсэн газар болгоныг минь шалгаад юу ч олоогүй. Олох юм байхгүй болохоор хэрэг үүсгээгүй. Тэгээд хэрэг “мухарлагдсан” гэж бодож байтал гэнэт намайг гадаадад эмчлүүлж байх хооронд таван жилийн дараа дахиад дуулиан гараад эхэлсэн. Харин энэ удаагийнх дээр “Зохиомол хэрэг үүсгэчихээд нотлох гэж оролдоод байгаа нь хамгийн аюултай байна.

-2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө дөрөвдүгээр сард  “Ачит ихт” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч байсан. Та тухайн үед юунаас болгоомжилж байв?

-Хамгийн их болгоомжилсон зүйл бол манай үйлдвэрийн 300 ажиллагсдын ахуй амьдралд яаж хүндээр тусах бол гэж бодогдсон. Тэр хүмүүс цаанаа амьдралтай, орон сууцны, машины зээлтэй, цалингаараа амьдардаг. Нэг гэр бүлд хичнээн хүн байх уу. Тэр хүмүүсийн амьдрал ахуйд санаа зовж байсан.

Хоёр дахь зүйл гэвэл, манай үйлдвэр чинь хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар бороожуулж, усаар угааж зэс ялгаж авдаг онцлогтой химийн үйлдвэр шүү дээ. Манай эргэлдүүлж байгаа ус бол хэдэн мянгаар биш саяар хэмжигддэг. Тийм болохоор хүхрийн хүчилтэй уусмал алдагдаж, байгальд тархах вий гэдгээс болгоомжилж байлаа.

Үүнээс гадна гадаад худалдааны гэрээ хэлэлцээрээ биелүүлэхгүй муу нэр авах, улсын татварын орлого багасах гэх мэт олон зүйлд санаа зовж байсан. Хамгийн эхний болгоомжлол бол ажиллагсад, байгаль орчны аюул заналаас л их болгоомжилж байсан.

-ЭНЭ ХУУРАМЧ ЧАТААС БОЛООД НАМАЙГ ОРОЛЦУУЛААД ОЛОН ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧ БОЛГОЖ,  ХЭРЭГТЭН БОЛГОСОН. ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАСАН-

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай хууль сахиулах байгууллагаас “П.Цагаан, Ц.Элбэгдорж нарын хооронд бичсэн вайбер чат” гэсэн зургийг харуулж, мэдээлэл хийсэн. Та Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй вайбераар ийм чат бичсэн юм уу?

-Товчхон хариулахад “Худлаа”. Нэгдүгээрт, бид харилцаагүй. Тэр чат утга агуулгын хувьд олон талаар худлаа гэдэг нь шууд хараад мэдэгдсэн. Үүнийг худлаа гэдгийг нотлох, шалгуулахын тулд мэргэжлийн байгууллагуудад хандаж үзсэн. Гэтэл манай улсад шүүх шинжилгээний байгууллагад иргэн хүн хандаж болдоггүй юм байна. Би хандаж үзсэн. Та хандах эрхгүй, танд бид үйлчлэхгүй гэсэн. Та прокурор, цагдаад өг гэсэн. Монголын хууль дүрмийн дагуу явья гэхээр холбогдох мэргэжилтнүүд хөшүүн хандаад байсан учраас арга буюу олон улсын байгууллагад хүсэлт тавьсан.

Сингапурт төвтэй Infinity гээд байгууллага “Энэ чат жинхэнэ үү, үгүй юу” гэдгийг тогтоох зорилготой шинжилсэн. Тус байгууллага шинжилж үзээд “эвлүүлэг, хуурамч чат” гэдгийг тогтоосон. Тэдний дүгнэлтээс тодорхой ганц хоёр жишээг тайлбарлаж өгье.

Жишээлбэл, Вайбер чатын эхлэл хэсэгт Ц.Элбэгдоржийн зураг байхгүй, эвлүүлсэн хоёр зургийн нэг хэсэгт 86, нөгөө хэсэгт 89 гэж тоог нь зөрүүлсэн. Мөн вайбер чатын үргэлжилсэн мессежний доод хэсэгт зай гардаггүй бол эвлүүлсэн хоёр зурагны нэгэнд нь том хэмжээний зай гарсан байдал нь үүнийг гурваас доошгүй iphone гар утас ашиглан эвлүүлсэн гэдгийг тодотгоно. Вайбер чат гэгчийг магадгүй нэг хүн зохиож бичсэн гэдэг нь өгүүлбэрийн найруулга, том үсгээр эхлүүлж, цэг таслалаа алдахгүйгээр бичиж, үгэндээ ижил дүрмийн алдаа гаргасан зэргээс харагддаг. Тухайлбал, бэлдье, хүргэе гэсэн үгнүүдийг хоёр хүн бичсэн байдлаар харуулсан атлаа нэг дуудлагаар дүрмийн алдаатай бичсэн гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн.

Энэ хоёр зүйлийг хараад юу гэж хэлмээр байна гэхээр Эртний Грекийн үлгэр домогт гардаг Центавр гээд хүн толгойтой, адуу биетэй амьтан санаанд орж байгаа юм. Үүн шиг л хоёр өөр цаасан дээр баримт үйлдээд эвлүүлээд нэг чат болгочихсон байгаа юм. Үүнийг дагалдуулаад агуулгын, цаг хугацааны, орон зайн, үг хэллэг, найруулга гээд мянган алдаа гаргасан. Техникийн хувьд олон улсын шүүх шинжилгээний байгууллага нотолсон зүйлийг арга буюу хэлж байна. Би юунд ингэж бухимдаж, ач холбогдол өгөөд байна гэхээр энэ хуурамч чатаас болоод намайг оролцуулаад олон хүнийг яллагдагч болгож, эрхийг нь хязгаарласан. Орчин үед чатаар харилцдаггүй хүн Монголд бараг байхгүй.

Тэгэхээр ийм чатыг хуурамчаар үйлдээд хэнийг ч, ямар ч хэрэгт холбож, хэлмэгдүүлж болзошгүй эрсдэл байгаа учраас үүнд ач холбогдол өгөөд байгаа юм.

Тэгэхээр ийм зүйлийг таслан зогсоохгүй бол болохгүй. Бусад оронд хуурамч баримт үйлдсэн хүнийг нь цаазалдаг улс байна. Сингапурт тийм хууль байдаг. Монголын хуулиар ч гэсэн хориотой. Тэгэхээр энэ чат бол хуурамч. Бусдад давтагдах вий гэдгээс болгоомжилж байна. Би хүний эрхийн анхны толийг Монголд зохиосон, үндсэн хууль бичихэд оролцсон, дэлхийн хамгийн алдартай, НҮБ, хүний эрхийн шүүхийн гишүүн байсан Кажиевнику гээд зөвлөлтийн эрдэмтэн, Томас Бөргентал гээд Америкийн эрдэмтдийн шавь нь юм. Тэр хүмүүсээс ном сураад Монголын үндсэн хуулийг бичилцээд, Чимид даргын туслах байсан хүн шүү дээ. Амьдрал дээр ийм зүйл тохиолдож байна гэхээр бухимдалтай, айдас хүйдэс болгоомжлолтой байна. Кино зохиол дээр биш шүү дээ.

Чатаас гадна хуурамч гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тасрахгүй байгаа. Сонгуулийн үеэр “П.Цагаан, Ц.Элбэгдорж нар солонгос иргэнийг зальдаад 3 сая 700 мянган доллар аваад ашигласан” гэсэн нэвтрүүлэг явсан. Тэр бас л худлаа, бас л эвлүүлэг. Солонгосын шүүх шинжилгээний IT технологи, аудиод олон талын шинжилгээ хийдэг компанид хандсан. Тэр компани эвлүүлэг гэдгийг олон талаар хэлсэн. Товчлоод хэлчихэд нэвтрүүлэгт “Монгол коммент”-ийн сэтгүүлч Батбилэг солонгос иргэнтэй уулзаад яриад байгаа шүү дээ. Гэхдээ энэ хоёр уулзаагүй. Батбилэгийн өөр хүнтэй ярилцаж хийсэн нэвтрүүлэг дээр эвлүүлсэн. Солонгост би эмчлүүлэх гэж улиралд нэг удаа очдог юм. Тэгэнгээ солонгосын хуулийн байгууллагад нь өгч шалгуулсан юм. Тэгээд би мөрдөн байцаагчтай нь уулзаад нөгөө нөхөртэй нүүрэлдье гэсэн.

Тэгээд нүүрэлдсэн чинь нөгөө нөхөр ирчихээд гөлөгнөөд байсан. "Би хүрээд ирлээ. Нотлоодох гэсэн чинь “миний нотолгоо байхгүй, нотолгоогоо Монголд өгчихсөн” гээд байна лээ.

Сая гадаа жагсаал болсон чинь бас л санхүүжүүлж байна гэх юм. Залхдаггүй юм байх даа. Мэдээллийн технологи хөгжсөн үед цахим орчныг ашиглаад нийгмийг тогтворгүй болгодог, хувьсгал гаргадаг, бослого гаргадаг гадна дотны ил далд хүчнүүд ашигладаг юм байдаг. Би судалгаа хийж байсан, монголчууд цөөхөн. Ийм хуурамч мэдээ, мэдээллийг зах замбараагүй явуулж байгаагийн цаана гадны ил далд хүчин ч байхыг үгүйсгэхгүй. Үүнийг төрийн нүд чих болсон байгууллагууд анхааралдаа авч таслан зогсоох нь зүйтэй гэж би үзэж байна.

-Нэр бүхий улстөрч хэлэхдээ, “Ачит ихт” компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цагалбар гэж компанийн дансанд 13 сая доллар орсон. Энэ бол баримтаар ил болно гэдэгт би итгэж байна гэсэн. Үнэхээр ийм Цагалбар гэж компани байдаг юм уу. Байлаа гэхэд энэ компанийн дансанд 13 сая ам.доллар байдаг юм уу?

-Би үүнийг анх сонсоод юу гэж бодсон бэ гэхээр төр засгийн тэргүүнүүдийг ийм үндэслэлгүй, худал хуурмаг материалаар хангадаг хүмүүс байдаг юм болов уу гэж бодсон.

Ядаж компанийнхаа нэрийг зөв бичих хэрэгтэй. Нэрийг нь буруу бичсэн. Манай эхнэрийн компани байгаа. Тэр компанид

13 сая доллар хэзээ ч байгаагүй.

Гэтэл энэ хуурамч чатыг ашиглаад манай эхнэрийг Ц.Элбэгдоржийн эхнэр болгоод намайг, тэр хүнийг, манай эхнэрийг яллагдагч болгож болохгүй шүү дээ. Энэ чинь  кино зохиол. Хууль ёс завхрах эрсдэл, аюул нүүрлэж байна. Тэгэхээр эдгээр зүйлсийг хуурамч гэдгийг эрх бүхий байгууллагууд хуурамч гэдгийг тогтоож хүчингүй болгох хүлээлттэй байна.

-Та ер нь Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй хамгийн сүүлд хэзээ уулзаж, мэнд мэдсэн бэ?

-Би  бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас жилийн өмнө 2016 онд өргөдлөө өгсөн. Тэгээд л өөр өөрсдийнхөө зам мөрийг хөөсөн. Сая баахан дуулиан шуугиан болсны дараа бид хоёр эрэл сурал болж байж холбогдсон.

-“Ачит ихт” компанийг Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа өгдөггүй гээд мэдээлэл явдаг. "Ачит ихт" компани 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт өгдөггүй юм уу эсвэл Эрдэнэт үйлдвэр Ачит Ихтийн 34 хувийг авдаггүй юм уу?

-Бид нар өгье гэж 10 гаруй удаа санал тавьсан. Авдаггүй. Эхлээд бид нарт итгээгүй. Төсөл амжилтгүй болно. Эрсдэлтэй зээлтэй гээд аваагүй.

-БИД 34 ХУВИА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ӨГӨХ ХҮСЭЛТЭЙ БӨГӨӨД УДАА ДАРАА САНАЛ ТАВИХАД АВААГҮЙ-

-"Ачит Ихт" компани Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа өгдөггүй юм уу. Эсвэл Эрдэнэт үйлдвэр "Ачит Ихт"-ийн 34 хувийг авдаггүй юм уу? 

-Бид туршилтын үйлдвэр эхлэхээс эхлээд л 34 хувиа өгөх хүсэлтэй байcан. Энэ ч утгаараа ТУЗ-ийн гишүүнд хоёр хүнээ томил гэхчлэнгээр 10 гаруй удаа санал тавьж ч хүлээж аваагүй. Эрдэнэт үйлдвэр эхлээд манай төслийг амжилтгүй болно, эрсдэлтэй, зээлтэй гээд бидэнд итгээгүй. Харин үйлдвэр амжилттай ажиллаад эхлэхээр хажуугаас хөндлөнгийн хүмүүс орж ирээд үймүүлээд байдаг болсон. Гэрээний хоёр тал болох Эрдэнэт үйлдвэр, Ачит Ихт компани хоорондоо маш эв найртай, харилцан ашигтай ажилладаг. Ямар ч гомдол, маргаан байхгүй.  

Яг үнэндээ хоёр компанийн хоорондын харилцаа бол иргэн, аж ахуйн нэгж хоорондын харилцаа болохоос биш Засгийн газар шийдэх хэмжээний асуудал биш. Гэтэл энэ асуудлыг зарим нэгэн хүмүүс дээшээ үлээсээр байгаад энэ хэмжээнд хүргэсэн. Бид 34 хувиа өгөхөд ямар ч асуудал байхгүй. Нээлттэй. Харин албан тушаалтнууд манай 34 хувийг авах шийдвэрийг гаргахаас айгаад байдаг юм уу гэж боддог. Тухайлбал, Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраасаа, хэрэг эрхлэх газар нь Ерөнхий сайдаасаа асууя гээд байдаг шиг байгаа юм. Гэтэл энэ нь зүгээр л аж ахуйн асуудал шүү дээ. Эцэст нь хэлэхэд хувийн эрх ашигт хөтлөгдсөн хүмүүс л Ерөнхий сайд, Засгийн газраар гал бариулчих шиг болсон гэж харж байгаа.  

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг та хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байдаг юм уу?

-Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Түүнийг огцруулсанд нь их өсөрхдөг гэдэг нь шууд харагддаг. Тэр бол албаны өс хонзон байх. Харин энэ хүний үйлдлийг хараад хувийн өс хонзон байдаг юм болов уу гэж хүртэл бодож байсан. 2004 онд АН-ын УИХ-д нэр дэвшүүлэх хурал дээр Н.Алтанхуяг журмын эмэгтэйгээ хэл амаар доромжлоод байхаар нь "боль" гэтэл болихгүй "чаддаг юм бол шанаад" гэхээр нь би түүнийг нэг шанаадчихсан юм. Үүнээс болсон юм уу гэж хүртэл боддог. Гэхдээ сүүлд нь зөндөө л уулзсан. Гэхдээ тухайн үеийн үйлдэл нь миний алдаа байсан байж магадгүй. Тиймээс энэ завшааныг ашиглаад энэ үйлдэлдээ уучлалт гуйж байна. Харин мөнгө нэхдэг асуудал бол утгагүй. Дүүтэй нь холбоотой. Манайд ажиллаж байгаад өргөдөл өгч халагдчихаад таван жилийн дараа ирснээ "Надад хувь өг", "Мөнгө өг" гэж нэхээд. Тэр нь тав, зургаан жил шүүхээр яваад мухарлагдаж байна. Үнэн юм үнэнээрээ гарна шүү дээ. 

-С.Цэвэгжав гэдэг хүн "Ачит ихт" компаниас хэдий хэмжээний мөнгө нэхдэг юм бэ?

-Энэ хүн манай компаниас долоон тэрбум, компанийн 10 хувийг өг гэж нэхдэг. Гэхдээ энэ нь үнэнд гүйцэгдэж байна. Та бод доо. Компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хүн манайхаас халагдаад "Эрдэнэс тавантолгой"-д дэд захирлаар таван жил ажиллаж байгаад буцаж ирээд "Надад компанийнхаа 10 хувийг өг" гэж хүний санаанд багтахгүй зүйл шаардсан. Тийм ч учраас "Ийм зүйл хаана ч байхгүй, хууль бус зүйл" гээд явуулсанд л өс хонзон санаад ахтайгаа нийлээд энэ тэнд матаас хийгээд яваад байдаг болсон. 

Энэ матаасанд нь ганц Ц.Элбэгдорж ч биш, анхны матаасанд нь янз бүрийн хүмүүсийг холбосон байдаг. Ганц жишээ хэлэхэд, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийг хүртэл манайхтай холбоотой гэж матаж байсан. Тэдний бүх матаас, нотлох баримт нь худлаа гэдэг нь мухарлагдсан. 2020 онд хуурамч нотлох баримт үйлдсэн байсныг нь би сүүлд мэдсэн. Тэр үед банкны хуурамч гүйлгээ хүртэл хийсэн байдаг. Гэхдээ хэн хийсэн нь мэдэхгүй. Ингээд л бүх зүйл нь мухарлагдсан гэж бодоод явж байтал өнгөрсөн хавар цэлмэг тэнгэр бороо орж, аянга ниргэхтэй ижил зүйл боллоо шүү дээ. Гэхдээ энэ нь сонгуультай холбоотой байсан байх л даа. 

-Н.АЛТАНХУЯГИЙН ТАЛААР СҮХБАТААР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ГОМДОЛ ГАРГАХАД "ХАЯГ ДЭЭРЭЭ БАЙХГҮЙ, ОЛДОХГҮЙ БАЙНА" ГЭХ ШАЛТГААНААР МИНИЙ ГОМДЛЫГ ХААЖ БАЙСАН-

-Таны болон компанийн чинь талаар худал мэдээлэл түгээж, гүтгээд байхад нь та бүхэн хуулийн байгууллагад хандаж байгаагүй юм уу?

-Бид хуулийн байгууллагад хандаж байсан. Бидний гомдлыг шууд л хаачихдаг юм. Н.Алтанхуяг, С.Цэвэгжав хоёр дээр гомдол гаргаж байсан. Н.Алтанхуягийн талаар Сүхбатаар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргахад "Хаяг дээрээ байхгүй, олдохгүй байна" гэх шалтгаанаар миний гомдлыг хааж байсан. Харин С.Цэвэгжавыг Хан-Уул дээр гомдол гаргахад бас л хаачихсан. Сүүлдээ завгүй болохоор за яршиг даа гээд хаячихсан юм. Уг нь би сошиалаар хэрэлдээд яваад байсан бол энэ хүмүүсийн худал мэдээлэл өнөөдөр энд хүрч, Засгийн газар шийдвэр гаргах хэмжээнд хүрэхгүй байсан байх гэж бодож сууна. 

Н.Алтанхуяг "Эрдэнэтийн овоолгыг ашиглах" тухай гэсэн тогтоолын төсөл хүртэл санаачлаад УИХ-ын гишүүдийг дэмжихийг уриалаад явж байсан. Гэтэл тэр тогтоолын төсөлдөө "Долоон жил ажилласан бол хурааж авч, гуравны нэг, гуравны нэгээр нь тарааж өгнө" гэсэн заалт оруулсан байсан. Харин үүнийг нь УИХ-ын Тамгын газар "Үндсэн хууль зөрчиж байна" гэж үзээд хэлэлцэхгүй, хойшлуулж байсан. Ингэж л албан тушаалаа ашиглаж, улайрч явж байсан хүн шүү дээ. 

-Та ер нь зүгээр суугаад байдаг хүн биш юмаа. Таныг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах судалгаа хийж байгаа гэж сонссон. Энэ талаар яриач?

-Монголд бүх хүний дайсан нь утаа болсон байна. Монголын эдийн засгийн хөгжил, дотоодын нийт бүтээгдэхүүний хөгжлийг дөрвөн хувиар сааруулж байгаа хүчин зүйл бол агаарын бохирдол гэсэн судалгааг Дэлхийн банк гаргасан байна. Би утааны талаар судалгаа хийж байгаа талаараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай зөвлөлдөхөд "Зөв санаа байна" гэж дэмжсэн. Үүнд нь би урамшаад инженер, техникийн эрдэмтэн мэргэжилтнүүд нийлсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан сарын хугацаанд утааны асуудлаар судалгаа хийсэн. 

Үүний үр дүнд нэгдүгээрт, авсан дулаанаа хадгалах үүднээс дулаалах аян өрнүүлье, хоёрдугаарт дулаан алдагдалтай байшин барьдаг үүд хаалгыг хаая, барилгын стандартаа нэмэгдүүлье, гуравдугаарт түлшээ сольё гэдэг шийдлийг олсон. Тиймээс нэгдүгээрт шахмал түлшээ солиод хорголжин түлш гаргаж авъя. 

Монголчууд нүүрсээр баян улс учир таван жилийн дотор нүүрсийг гүн боловсруулаад гэр хорооллыг 100 хувь газаар халаадаг болгоё гэж байгаа юм. Энэ бол 100 хувь боломжтой. Япон, Германы ийм технологи байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглая. Нар, салхи, газрын дулаан зэргийг ашиглах хэрэгтэй. Газрын гүний дулааныг ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний газрын гүний насос зохион бүтээсэн докторыг Монголд авчирч, уулзуулж эко хаус хүртэл байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр хүртэл ирж нээлтэд нь оролцож байлаа. Манай компани газрын гүний дулаанаар халаадаг "Сод" гээд хүүхдийн цэцэрлэгийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан. Тухайн цэцэрлэг 10 гаруй жил болж, хөрөнгө оруулалтаа нөхсөн. Тогтмол дулаантай учир тус цэцэрлэгийн хүүхдүүд өвддөггүй гэдэг юм билээ. 

Манай улсад үнэхээр их боломж, туршлага байна. Хотын дарга Х.Нямбаатар 50 мвт-ын цахилгаан хураагуурын үйлдвэр байгуулсан нь үнэхээр сайшаалтай ажил болсон байна лээ. Ер нь энэ төрлийн үйлдвэр байгуулсан хүмүүсийг дэмжиж, урамшуулдаг болох нь зүйтэй юм.

Мөн автомашин хамгийн их хортой хий үйлдвэрлэдэг. Бид судалгааны явцдаа АНУ-ын "Эко систем" гэдэг дэлхийд номер нэг компанитай холбогдсон. Тухайн эко системийг автомашинд тавихад шатахууны хэрэглээ 5-15 хувь хэмнэнэ, агаарын бохирдол 90 хүртэл хувь буурах юм билээ. Энэ эко системийг автомашинд тавивал агаарын бохирдол шууд 30 хувиар, харин дулаалга хийхэд 25-30 хувиар буурна. Өөрөөр хэлбэл эко системийг ашиглахад Улаанбаатарын утаа 50-60 хувь буурна гэсэн үг. Зөвхөн утааг арилгахад Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний орлого дөрвөн хувиар өснө. Энэ судалгаа зөвхөн миний өмч биш. Тиймээс энэ бүхнийг авч ашиглаасай гэж хүсэж байна. 

-Ярианыхаа төгсөлд хэлэхэд та эрүүл байгаарай. Эрүүл байхад ихийг хийж бүтээх боломжтой шүү гэдгийг хэлье?

-Би 2008 онд үхлээс эргэж ирснээсээ хойш хүнд их итгэж, улам ихийг хийх хүсэлтэй болсон. Нэг өдрийн нарыг үзнэ гэдэг бурхны бэлэг гэж үздэг. 

-Урилгыг минь хүлээн авсан танд баярлалаа. 

-Үнэн худлыг гүйцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад тань их баярлалаа. Амжилт хүсье. 




Өнөөдөр нохой өдөр

23 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

1 хоногийн өмнө