Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Агаар, орчны бохирдол бууруулах Үндэсний хороог тэргүүлж байгаа. Тус хорооны анхдугаар хуралдаанаас Хийн болон сэргээгдэх эрчим хүчний шилжилт, сайжруулсан шахмал түлшний чанар, стандарт, технологийг сайжруулах, шийдлийг судлан нэгдсэн дүгнэлт, санал гаргах үүрэг бүхий эрдэмтдийн зөвлөлийг асуудал хариуцсан чиг үүргийн яамдуудад зохион байгуулахыг үүрэгжүүлсэн.
Энэ хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд С.Одонтуяа сайд, Үндэсний хорооны ажлын албаныхантай түүхий нүүрс түлдэг, бага оврын уурын зуухтай аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.
-СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАЙРЫГ ТӨВИЙН ДУЛААН ШУГАМД ХОЛБОНО-
Энэ үеэр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1960 оны уурын зуухтай Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн байрыг нэн яаралтай төвийн дулаан шугамд холбох, Чингэлтэй дүүрэгт байрлах гэр хорооллын сургууль цэцэрлэг, хорооны нэгдсэн байр болон нийтийн орон сууцыг нэгдсэн халаалтаар хангадаг уурын зуухтай зарим ААН-үүдийг коксжих нүүрс түлдэг болох, хийн түлш рүү үе шаттай шилжүүлэх арга хэмжээг авахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын бүсэд эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй түүхий нүүрс хэрэглэж байгаа 100 квт-аас дээш хүчин чадалтай төрийн 174 зуух, хувийн хэвшлийн 200 зуух нийлээд 150 мянган тонн түүхий нүүрс, 50 мянган тн мидлинг хэрэглэж байна. Эдгээр зуухны технологийг шинэчилж хийн болон хагас коксжсон нүүрс түлэх боломжтой болгож богино хугацаанд түлшний шилжилт хийснээр түүхий нүүрс түлж байх үеийнхээс 28 хувиар бага түлш хэрэглэж мөн хувиар ялгарлыг бууруулах боломжтой юм.