УИХ 126 гишүүнтэй болсныг бүгд сайшааж, У.Хүрэлсүх "эв нэгдэлтэй байх"-ыг захиж, Л.Оюун-Эрдэнэ "иргэдтэй хамтарч ажиллана" гэж дахин сануулав

УИХ 126 гишүүнтэй болсныг бүгд сайшааж, У.Хүрэлсүх "эв нэгдэлтэй байх"-ыг захиж, Л.Оюун-Эрдэнэ "иргэдтэй хамтарч ажиллана" гэж дахин сануулав

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ны орой Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ард иргэддээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлдэг уламжлалтай. Энэ удаа УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээг урьдын адил мягмар гараг /2024.12.31/-ийн орой 22:00 цагийн орчимд УИХ, Засгийн газрын хэвлэлийн албанаас хэвлэл, мэдээллийн байгууллагуудад тараасан бол Ерөнхийлөгчийн мэндчилгээг телевизүүдэд урьдчилан өгч тэд он солигдох мөчид иргэдэд цэнхэр дэлгэцээр хүргэлээ. 

Энэ жилийн тухайд Д.Амарбаясгалан УИХ-ын даргын хувиар анх удаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд тус бүр дөрөв дахь удаагаа хүргэж буй “шинэ жилийн мэндчилгээ” нь байв. 

-УИХ-ЫН 126 ГИШҮҮНТЭЙ БОЛСОН ЯВДЛЫГ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ НЭГЭН ДУУГААР САЙШААВ-

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээндээ уламжлал ёсоор цэрэг, цагдаа, онцгой байдлын албаныханд тусгайлан баяр хүргэсэн. Тэрээр 2021, 2022, 2023 оны шинэ оны мэндчилгээнийхээ төгсөлд ч энэ салбарын хаагчдад тусгайлан мэндчилгээ хүргэж байв.

Тэгвэл энэ удаа төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ “УИХ 126 гишүүнтэй болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг тус бүрдээ онцолж, үүний үр дүнд эмэгтэй гишүүдийн тоо парламентад нэмэгдсэн" гэдгийг нэгэн дуугаар чухалчиллаа. 

Тодруулбал,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “анхны 126 гишүүнтэй УИХ-ыг сонгон, төр, засгаа эмхлэн байгуулж, парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Ази тивдээ тэргүүлсэн онцлог жил байлаа” гэсэн бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, “сонгуулийн холимог тогтолцоогоор та бүхэн 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ. Эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь ололт, амжилт юм” гэсэн юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Азидаа тэргүүлж эхэллээ. Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох үйл явц болсныг харуулж байна” гэлээ. 

-“АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС” ГЭДГЭЭ ТЭД МЭНДЧИЛГЭЭНДЭЭ ТОДОТГОЛОО-

Төрийн гурван өндөрлөг энэ жилийн мэндчилгээндээ “Ардчилсан Монгол Улс” гэдгээ тодотголоо. Энэ нь олон улсын хурцадмал нөхцөл байдал ч нөлөөлж байхыг үгүйсгэхгүй юм.  Тодруулбал,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Төрт ёсны аугаа түүхтэй, төв Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улс …” гэж онцоллоо. 

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон “нийгмийн зөвшилцөл, ойлголцол нь Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэе” гэсэн юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Үндсэн хуулиар 126 гишүүнтэй шинэ парламент сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн нь ардчиллын хоёрдахь давалгаа эхэлсэн” гэдгийг онцоллоо.

-У.ХҮРЭЛСҮХ ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГОО ЧУХАЛЧИЛЖ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ, УРАНЫ ТӨСЛӨӨ ОНЦОЛЛОО-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээндээ “эдийн засаг 5 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.долларт хүрч, 2025 оны төсвийг алдагдалгүй баталсан” гэдгийг хоёулаа онцоллоо. 

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын өнөөгийн гадаад харилцааны бодлого, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудаа мэндчилгээндээ онцолсон явдлыг түүний 2024 онд хийсэн чухал ажлуудаа дурдлаа гэж дүгнэж болох юм. Тодруулбал, тэрээр “Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа” гэсэн юм.

Тэгвэл шинэ оны өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон удаа хэлсэн “амаргүй” гэх үг олны шүүмжлэлд өртсөн. Харин тэрээр мэндчилгээндээ “амаргүй” гэх үгийг хэрэглэхгүй байхыг хичээсэн нь ажиглагдаж байв. Тухайлбал, тэрээр “Та бид хамтдаа хил хязгаар хаалттай, түлш шатахууны хомсдолтой ковид, дайн зэрэгцсэн шинэ жилийг угтаж байсан” гэж тодотгов. 

Харин Л.Оюун-Эрдэнэ хийсэн ажлынхаа талаар, “боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтын ажлууд жигдэрч, агаарын тээвэр либеральчлагдаж, ковидын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж, жуулчдын тоо хоёр дахин өссөн” гэлээ. Мөн 2003 оноос хойш хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, сүүлийн 20 гаруй жил мэтгэлцсэн Бадрах Энержи-Оронагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурал батлах нэгдсэн шийдэлд хүрлээ” гэсэн юм. Мөн 2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаж байна.  Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм” гэж тодотголоо. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙХЫГ ЧУХАЛЧИЛЖ, УИХ-ЫН ДАРГА ХУУЛЬ ХҮН БҮРД ТЭГШ ҮЙЛЧИЛНЭ ГЭЖ ЗАХИЛАА-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эв нэгдэлтэй байх нь чухал гэдгийг сануулсан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль хүн бүрд тэгш үйлчилнэ гэдгийг онцолсон юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй хамтран ажиллана гэсэн үгээ давтсан юм. 

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээнийхээ төгсөлд “шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай” гэсэн захисан юм.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, “хуулийн дор хүн бүр эрх тэгш байхад оршино” гэж мэдэгдлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүйгээр олон нийтийн дунд, их бүтээн байгуулалтын төв цэгт Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно” гэж мэндчилгээгээ төгсгөсөн юм. Сонирхуулахад, “ард иргэдтэйгээ хамтран ажиллана, тэмцэнэ” гэх утгатай үгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх удаа хэлж байгаа юм биш. Учир нь 2022 оны дөрөвдүгээр сард болсон жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Та бүхний гарч ирж, жагсаж байгаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газартаа маш их дэм болж байгааг хэлмээр байна. Хэрэв би ордон дотор хүч мөхсөдвөл гарч ирээд та нартайгаа хамт жагсана” гэж байлаа.