Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн агаарын бохирдол зэрэг найман асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Нэгдүгээрт шинэ жилийн өдрүүдээр салбарын бүх сайд нар салбарынхаа үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой хяналт шалгалтыг хийж, өөрсдөө салбарын хэсгүүдийг удирдаж ажиллах үүргийг Засгийн газар, Ерөнхий сайдаас өглөө.
Хоёрдугаарт, өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой зарласан. Энэ хүрээнд 23-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх зургаа хоногийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд нийтдээ 2500 гаруй онцгой байдлын, экологийн цагдаагийн, нийслэл дүүргийн байгаль орчны хяналтын алба хаагчид хорт бодисыг бууруулах, сайжруулсан түлшний чанар стандартыг хангах, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж, нийтдээ 89889 айл өрх, 2200 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хяналт тавьлаа. “Таван толгой түлш” компанийн чанарын стандарт, хүний биед хортой бодис агуулагдаж байгаа эсэхийг нягталж шалгуулахаар Улсын онцгой комиссын шийдвэрээр БНХАУ, Солонгос, Япон улсад шалгуулах ажил явагдаж байна.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яамны сайд С.Одонтуяа сайд ахлан ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлж байгаа аж ахуйн нэгжүүдийг тог, цахилгаан, төвийн эрчим хүчинд холбох эсвэл ногоон технологи, халаалтад шилжүүлэх гэх мэт асуудлууд ярилцлаа.