Төмөр зам, Тавантолгойн төслүүдийг гацаахдаа ашиглаж ирсэн Х.Баттулгын "жагсаал"-ын акцыг өөрт нь хэрэглэв

Төмөр зам, Тавантолгойн төслүүдийг гацаахдаа ашиглаж ирсэн Х.Баттулгын "жагсаал"-ын акцыг өөрт нь хэрэглэв

“Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын залуу гишүүд өргөн барьж эсэргүүцэгчдийн анхаарлыг сарниулж, үзүүлэх тоглолт хийгээд “эргүүлсэн татсан” явдал нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв. 

-П.САЙНЗОРИГ НАР ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ ХИЙЖ, Х.БАТТУЛГЫН ЖАГСААЛЫГ САРНИУЛАВ-

Учир нь эдгээр гишүүдтэй зэрэгцэн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээрхтэй яг ижил утга агуулга бүхий “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан юмХарин энэхүү хоёр хуулийн төслийг зарим иргэд эсэргүүцэж эхэлсэн. Ингэхдээ П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын гишүүд рүү чиглэж, Сүхбаатарын талбай, Төрийн ордны гадна талын хаалга дээр хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал болсон юм.

Ингээд жагсаалтай зэрэгцэн хууль санаачлагч гишүүд төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Иргэдээс ирүүлж байгаа санал шүүмжлэлийг хүлээн авч хуулийн төслөө гишүүд бид эргүүлэн татаж байна. Энэхүү хуулийн төслийг өргөн барихдаа судалгаа тооцооллыг дутуу хийж, олон нийтэд мэдээ мэдээллийг бүрэн гүйцэд өгөөгүйгээс болж олон нийтийн дунд бухимдал үүсгэсэндээ уучлал хүсье" гэсэн юм.

Ингээд эсэргүүцэгчдийн сэтгэл тайвширч, “бид яллаа” гээд жагсаал өндөрлөсөн. Гэтэл энэхүү жагсаалыг УИХ-ын гишүүн Х.Баттулга зохион байгуулсан болж таарав. 

Энэ талаар Л.Энх-Амгалан мягмар гараг /2024.12.24/-т мэдээлэл хийхдээ, “энэ жагсаалыг Монголын ардчилсан холбооноос зохион байгуулж байна. Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга нарын УИХ-ын гишүүд мэдээлэл хийхдээ санаатайгаар мушгин гуйвуулах, өргөн бариагүй хуулийн заалтыг өргөн барьсан мэтээр олон нийтэд ойлгуулах увайгүй, хариуцлагагүй үйлдлүүд гарлаа” гэсэн юм.

ВИДЕО:  Х.Баттулгын жагсаалын талаар хэвлэлд өгсөн тайлбар

-Х.БАТТУЛГЫН 16 ЖИЛ “ГАЦААСАН” ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОД ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛНЭ-

“Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн цаад зорилго нь Засгийн газрын 14 мега төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд ажиллах хүчнийг гадаадаас авчрахад зорьж байгаа.

Тодруулбал,  Засгийн газраас14 мега төслийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнд, 16 жил гацсан Гашуунсухайт-Ганц модны боомтын хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Францын Орона майнинг групптэй хамтран хэрэгжүүлэх ураны төсөл, Богд уулыг нүхэлж барих хурдны зам, Ган татлагат гүүр, Туул голын эрэг дагуух Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг холбосон хурдны зам зэрэг багтаж буй. 

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн барьсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замыг БНХАУ-ын "Чайна Энержи" компани барьж гүйцэтгэнэ. Иймд "Чайна Энержи" компани нь өөрсдийн ажилчдаа, техниктэйгээ авчирна.

Харин тавантолгойн бүлэг орд газрын Бортолгой, Ончхараат гэсэн ордуудаас эхний таван жилийн нэг жил тутамд нь 27 сая тонн нүүрс дараагийн 11 жилийн нэг жил тутамд 20 сая тонн нүүрс олборлоно гэж буй. Харин энэ бүх бүтээн байгуулалтад оролцох гадаад ажиллах хүчнийг “ажлын байрны төлбөр” зэргээс чөлөөлөх нь энэхүү хуулийн зорилго байж магадгүй байгаа юм.

-Х.БАТТУЛГЫН ЖАГСААЛЫН ТАКТИКИЙГ ӨӨРТ НЬ ХЭРЭГЛЭВ-

Манай улс шатахуун, эрчим хүч, төмөр замын хувьд ОХУ-аас хараат явж ирсэн. Энэхүү хараат байдлаасаа гарах гэхээр дотоод, гадаад хүчин зүйлүүд нөлөөлж олон жилийн  хугацаанд нефть, төмөр зам, эрчим хүчний төслүүд “гацсан” гэхэд болно. Хил холболтын төмөр зам олон жил гацсан нэг шалтгаан бол "хятадын танк орж ирнэ” гэх Х.Баттулгын оролцсон нэвтрүүлэг нөлөөлсөн гэхэд болно. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан хийсэн мэдэгдэлдээ, “Төмөр замын хил холболтын ажил яагаад 16 жил гацсан асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэнэ. Энэ асуудал яагаад 16 жил гацсан, хэн гацаасан, боломжоо яагаад алдсаныг УИХ-д нээлттэй танилцуулна” гэсэн юм. 

Харин пүрэв гараг /2024.12.26/-т Төрийн ордны үүдэнд болоод “Баянгол” зочид буудлын гадна эсэргүүцлийн жагсаал болсон. Тодруулбал, зарим иргэд УИХ-ын гишүүн Х.Баттулгын эсрэг ийнхүү жагссан юм. Ингэхдээ "Женко Х.Баттулга монголд хятадуудыг оруулж ирж болохгүй гэж жагсаал хийлгүүлээд байгаа хэр нь өөрийнх нь компани жилд 6 мянган хятадууд оруулж ирдэг. Монголд ажиллах хүн, хүчгүй боллоо. Тиймээс Х.Баттулга монголын хөгжлийг гацаахаа боль" гэсэн юм. Х.Баттулгын улс төрийн акц нь тусгайлан бэлтгэсэн нэвтрүүлэг болоод жагсаал цуглаанаар үргэлжилдэг. Тэгвэл энэ долоо хоногт Х.Баттулгын өөрийнх нь тактикийг өөрт нь хэрэглэсэн долоо хоног болж өндөрлөж байна.

ВИДЕО:  Х.Баттулгыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал. 




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө