УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг ирэх оны хоёрдугаар сарын 3-4-нд зохион байгуулна.
Тус сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн үр дүн, шийдэл’’ сэдвээр явуулах бөгөөд сонсголын бүртгэл ирэх оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг хүртэл үргэлжлэх аж. Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр болон цахимаар хүргүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна.
Оролцогч нь санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр хүргүүлж болох юм. Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай. Бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын албан ёсны цахим хуудаст байршуулах аж.