УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.12.26/ хуралдаж байгаа билээ. Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ, УИХ-ын тогтоолын төсөл, хуулийн төслийг өргөн барих үедээ 16 жилийн турш улстөр эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлоор гацаж ирсэн. Энэ том төслүүдийг хөдөлгөх улстөрийн эр зориг гаргалаа гэдгийг онцолж хэлсэн. Энийг гацааж байсан хүмүүс, тэр хүмүүсийн гар хөлүүд энэ танхимд байгаа гэж Ерөнхий сайд хэллээ гэж би ойлгосон. Тэр хүмүүсийг нэртэй устай нь мэдэж авмаар байна. Хэн нь нүүрсчин юм, хэн алтчин юм гэдгийг эзэн биетэй хэлмээр байна. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 29. 3-т “УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно” гэж заасан. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8.дугаар зүйл УИХ-ын гишүүний бүрэн эрх гэсэн 8.1.23-т “Гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа эсвэл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтаас татгалзах үүрэгтэй” гэж хуульчилсан байгаа. Тийм учраас Засгийн газар болон хуралдаан даргалагчаас энэхүү ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбоотой нүүрсний стратегийн гэрээг хэлэлцэж байгаатай холбоотой нүүрсчин гишүүдийг санал хураалтад оролцуулмааргүй байна. Татгалзсан, урьдчилж мэдэгдсэн гишүүд байна уу гэдгийг тодруулмаар байна. Тэдгээр гишүүдийг нэрлэж өгөөч гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хөрөнгө оруулалтын гэрээний асуудал дээр ч тэр, бусад мега төслүүдтэй холбогдуулаад хувийн компанитай, хамаарал бүхий этгээд хувь хувьцаа эзэмшдэг ийм ашиг сонирхол бүхий хүмүүс байвал санал хураалтаас татгалзах хуультай. Өмнө нь ийм жишээ гарч байсан. Жишээ нь, Боловсролын хуулийг хэлэлцэж байхад би санал хураалтад оролцоогүй. Түүн шиг ашиг сонирхол бүхий гишүүд санал хураалтаас татгалзаж гарах хуультай.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас протоколдож, УИХ-ын гишүүдэд сануулахыг хүсч байна. Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүн энэ байнгын хороог даргалаад сууж байна. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм уу. Болоогүй юм уу. Яллагдагч хэвээрээ байгаа юм уу. Үгүй юм уу. Мэдэхгүй. Нүүрсний сонсгол дээр яригдаж байсан. Стратегийн орд гэж тооцогдож байгаа ордод хувь эзэмшиж байгаа УИХ-ын гишүүн байгаа. Сонирхлын зөрчилтэй асуудлууд байна.