УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ сарын 25-ны өдөр /2024.12.25/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэллээ. Тэрбээр "Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын төсөл, ураны төслийг зарчмын хувьд 100 хувь дэмжиж байна. Бид нүүрс хүнс болдоггүй цаашид хүнс болохгүй гэдгийг харлаа. Тавантолгой бүлэг ордыг нэг компани авах уу, Монгол Улс эзэмших үү гэдгээс болж 10 гаруй жил гацсан шүү дээ. Өргөн, нарийн царигдаа ч биш. Үндсэндээ нэг компанийн эрх ашиг улсын эрх ашгаас өндөр байсан. Тиймээс энэ төслүүд гацсан. Бүхэл бүтэн 14 жилийн хугацаанд Тавантолгой бүлэг ордыг авах гээд чадаагүй. Дараа нь экспортын төмөр замыг нь авах гээд чадаагүй. Ирэх жилүүдэд Хятадын үл хөдлөх хөрөнгийн сэргэлт, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нүүрсний салбар байнгын өсөлттэй байна. Тиймээс энэ эерэг үеийг бид заавал ашиглах ёстой. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболт хийгдвэл 2030 он гэхэд манай улс зөвхөн төмөр замаараа 80 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой болно. Одоогоос 10 жилийн өмнө дундын зуучлагчтай энэ ордыг авах гэж үзсэн. Дараа нь төмөр замыг нь авах гэж үзсэн. Энэ бол бодитой. Тавантолгойн бүлэг орд байгаа учраас улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж байна. 2020-2023 онд 800 км төмөр замыг монголчууд энэ компанийн орлогоор барьсан. Хэрвээ энэ сүлжээг хийж чадаагүй байсан бол бид хил холболтоо дахиад таван жилийн дараа ярих байсан. Тиймээс дахиж УИХ-д аль нэг компанийг авах гэсэн санаархал битгий орж ирээсэй. Энэ төсөл хөдлөх хэрэгтэй. Цаашдаа том төслүүдийг улстөржсөн байдлаар ярьдаг байх нь зохимжгүй. Төсөлд дээр цаашдаа маргаан үүсвэл аль улсын арбитраар явах вэ" гэлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Хэлэлцээр дээр Сингапурын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байгаа" гэсэн хариултыг өгөв.
ВИДЕО: