Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн барихаар боллоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн барихаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-аас чиглэл авах тухай тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өмнө нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан юм. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холбосноор хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, хоёр талын боомтын хамтын ажиллагаа сайжирч, Монгол Улсын ядуурлын түвшин 2 дахин буурч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрнэ гэдэг тооцоолол гарсан байдаг. Мөн тухайн төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар Монгол Улсын ДНБ 3.5 тэрбум ам.доллароор өсөх бол Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын орлого жилд дунджаар 2.61 тэрбум ам.доллар байгааг 2.8 дахин нэмэгдүүлж, 7.4 тэрбум доллар болгох боломжтой аж. Түүнчлэн Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж нээгдэж, ачаа тээвэрлэлтийн үнэ буурах зэрэг олон талын үр өгөөж гарах юм.