Л.Энх-Амгалангийн "ажиллах хүчний" хуулиар 14 мега төсөл хөдөлж, "Чайна Энержи" компани ажилчидтайгаа монголд ирж Тавантолгойн "Бортолгой", "Ончхараат" ордыг олборлох аж

Л.Энх-Амгалангийн "ажиллах хүчний" хуулиар 14 мега төсөл хөдөлж, "Чайна Энержи" компани ажилчидтайгаа монголд ирж Тавантолгойн "Бортолгой", "Ончхараат" ордыг олборлох аж

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын таван гишүүний боловсруулж өргөн барьсан “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” хуулийн төслийг Төрийн ордны дотор, гаднагүй эсэргүүцсээр эргүүлэн татуулсан.

Гэхдээ эдгээр гишүүдтэй зэрэгцэн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээрхтэй яг ижил утга агуулга бүхий “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан юм.

-П.САЙНЗОРИГ ГАЛЫГ ӨӨРТӨӨ АВЧ АНХААРЛЫГ САРНИУЛСАН-

П.Сайнзориг нарын эргүүлэн татсан хуулийн гол агуулга нь “Уул уурхай, газрын тос олборлохоос бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөх улмаар хувийн хэвшлийг дэмжиж ажиллах хүчний хомсдолоос гарахад чиглэнэ” гэж байв.

Харин Л.Энх-Амгалан сайд буюу Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл нь  “Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж тайлбарлаж буй.

П.Сайнзориг нар нь яг ижил утга агуулга бүхий хуулийн төслийг Засгийн газартай хамтатган өргөн барьж, ирэх нь тодорхой байсан галыг өөрсдөдөө авах, анхаарлыг сарниулах төлөвлөгөөтэй байсан нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаас ил болов.

Гэхдээ тэдний хэн, хэн нь ирэх хавраас эхлүүлэх томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчийг гадаадаас авчрахад зорьж байгаа. 

- ГЭХДЭЭ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОДНЫ БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТ, УРАНЫ ТӨСӨЛ, ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ УР ЧАДВАРТАЙ ГАДНЫ АЖИЛЧИД Л ГҮЙЦЭТГЭНЭ-

Учир нь Засгийн газар нэр бүхий 14 мега төслийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнд, 16 жилийн хугацаанд гацсан Гашуунсухайт-Ганц модны боомтын хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Францын Орона майнинг групптэй хамтран хэрэгжүүлэх ураны төсөл цаашлаад Богд уулыг нүхэлж барих хурдны зам, Гантатлагат гүүр, Туул голын эрэг дагуух Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг холбосон хурдны зам гэсэн багтсан. Бүр цаашлаад Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн орон сууцны хорооллын барилгыг ч хятадууд өөрсдөө барина гэж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийг жагсаалтыг ЭНД дарж уншина уу. Эдгээрийн ихэнхийг БНХАУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хэлэлцээрийн дагуу тус улс ур чадвартай өөрийн ажилчдаа Монголд авчирна, өөр аргагүй. 

-ЧАЙНА ЭНЕРЖИ КОМПАНИ Л ГЭХЭД ӨӨРИЙН АЖИЛЧИД, ТЕХНИКТЭЙГЭЭ ИРЖ МАНАЙ БОРТОЛГОЙ, ОНЧХАРААТ ОРДЫГ 16 ЖИЛИЙН ХУГАЦААНД ОЛБОРЛОНО. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХГҮЙ ГЭЖЭЭ -

Эдгээрээс ганцхан төслийг онцлоход, Засгийн газар хороондын хэлэлцээрийг нь өнөөдөр УИХ-д өргөн барих Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замыг БНХАУ-ын "Чайна Энержи" компани барьж гүйцэтгэнэ. Уг төслийн зээлийн гэрээг эцэслэсний өмнө ба дараа нь тус компаниас манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд нэг, нэг удаа захидал ирүүлсэн. Уг захидалд “Тавантолгой ордын хоёр орд болох Бортолгой, Ончхараат ордыг 16 жилийн хугацаанд олборлоно. Бид өнгөрсөн хугацааны алдагдсан боломжоо нэхэхгүй, орхино” гэсэн утга бий. Үүнийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй бол хил холболтын төмөр замаа холбож чадахгүй нөхцөлд орох учир зөвшөөрсөн.

Энэ төслийн хүрээнд л гэхэд "Чайна Энержи" компани нь өөрсдийн ажилчдаа, техниктэйгээ авчирна. Эхний таван жилийн нэг жил тутамд нь 27 сая тонн нүүрс дараагийн 11 жилийн нэг жил тутамд 20 сая тонн нүүрс олборлоно.

Ингэхдээ Тавантолгой дахь баяжуулах үйлдвэрт хүртэл өөрсдийн ажилчдаа ажиллуулж магадгүй байгаа аж. Мөн нүүрсний үнийг 30 хувиар хямд авах ингэснээр манайх 10 гаруй тэрбум ам долларын алдагдал хүлээж магадгүй гэх мэдээлэл бий. Харин эргүүлээд манайх 2-3 тэрбум долларын зээл авах талаар гэрээнд тусгасан байж магадгүй байна. Тиймээс Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулинд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад  салбарт   ажиллах хүчнээс ажлын байрны төлбөр авахгүй гэсэн байгаа аж. Мөн нийслэлийн өмчит байх, “Эрдэнэс баянбогд” ордыг Х.Нямбаатар БНХАУ-ын компанид өгч оффтейк гэрээгээр 6-7 тэрбум ам.долларын зээл авна гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч тэд нүүрсээ олборлуулах замаар бүтээн байгуулалтын ажлуудаа хөдөлгөе гэж зорьжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үедээ “Энэ төмөр замын хил холболтын ажил яагаад 16 жил гацсан асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэнэ. Энэ асуудал яагаад 16 жил гацсан, хэн гацаасан, боломжоо яагаад алдсаныг УИХ-д нээлттэй танилцуулна” гэсэн юм. Засгийн газраас өнөөдөр өргөн барих Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Францын Орона майнингтай хийх гэрээ зэргийг он солигдохоос өмнө амжуулна гэж Засгийн газар төлөвлөөд буй аж.