Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны зургаадугаар сард Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Узбекистаны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон хоёр улсад мал аж ахуйн хамтарсан кластерийг байгуулах боломжийг судлах талаар тохирсон.
Энэ хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улсад 100 мянган амьд мал экспортлохоор тохирсны дагуу ГХЯ, ХХААХҮЯ, ИНЕГ болон Узбекистаны Мал эмнэлэг, хорио цээрийн хороо зэрэг байгууллага хамтран ажиллаж, эхний хэсэг буюу 7000 гаруй толгой мал (хонь)-ыг 2024 оны 12 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд Узбекистан Улс руу тээвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Цаашид Төв Азийн улс орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, эдгээр орны зах зээлд манай мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Төв Азийн улс орнуудаас жимс, жимсгэнэ импортлох зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү ажил нь чухал ач холбогдолтой билээ.