Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.