Завхан аймгийн Онцгой комиссын 17 дугаар шуурхай хурлаар Завхан аймагт тог цахилгаан тасарсан асуудал, авч буй арга хэмжээ, өвөлжилт, цаг агаарын нөхцөл байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэж, тогтоолд тусгах саналуудыг баталжээ.
Энэ сарын 19-ний өдөр буюу өчигдөр оройны 20 цаг 12 минутад Мөрөн-Тэлмэний цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсны улмаас Завхан аймаг төвийн шугамын эрчим хүчнээс 13 цаг цахилгаан авах боломжгүй болжээ.
Хөвсгөл, Завхан аймгаас засварын бригад шөнийн турш ажиллаж, 20-ны өглөө 386-387 дугаар тулгуур баганаас гэмтлийг олж засварлан 9 цаг 22 минутад төвийн шугамд цахилгааныг холбожээ.
Тог тасрах хугацаанд Завхан, Говь-Алтай аймгуудын 1 дүгээр шугам болон дулаан хангагч байгууллагуудад Тайшир сумын УЦС-аас хүчдэл өгсөн байна. Мөн нөөц эх үүсгүүр бэлтгээгүй, бэлтгэл ажил хангаагүй байсан Дөрвөлжин, Яруу, Цэцэн-Уул, Завханмандал, Баянхайрхан сумдад ээлжээр тог өгөх, цахилгааны эх үүсгүүрийг бэлтгүүлж асаалгах зэрэг арга хэмжээ авч ажилласныг АУЭХС ТӨХК-ийн Завхан салбарын захирал Г.Бадамхатан мэдээлэв.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
- АУЭХС ТӨХК-ийн Завхан салбарыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах,
- Цахилгааны эх үүсгүүртэй сумдыг яаралтай эх үүсгүүртэй болгох, бүх сумдад нөөц эх үүсгүүрийн стандартыг тогтоож өгөх,
- Нөөц эх үүсгүүртэй боловч бэлэн байдлыг хангаагүй сумд, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах, сургалтад хамрагдсан хүн томилж, чиг үүргийг тодорхой болгох,
- Аймгийн Шуурхай штаб эрсдэл үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах төлөвлөгөөг нарийвчлан гаргах,
- Цахилгаан саатсан үед бэлэн байдал хангаагүй, нөхцөл байдлын мэдээллээ тодорхой өгөөгүй аж ахуйн нэгж, албан байгууллага, сумдын удирдлага, алба хаагчдад арга хэмжээ авах,
- Дулаан үйлдвэрлэгч компаниудын нөөц эх үүсгүүрийн стандарт, бэлэн байдалд хяналт шалгалт хийх,
- Цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхүүдэд зөвлөмж мэдээлэл хүргэх,
- Агаарын шугамд гэмтэл гарсан тохиолдолд шугамын засвар үйлчилгээг хийж буй талаарх мэдээллээр иргэдийг тогтмол хангах,
- "Амь-Ус трейд" ХХК-г цахилгааны нөөц эх үүсгүүртэй болгох,
- Тог цахилгаан тасрах тухай мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх зэрэг чиглэлүүдийг холбогдох байгууллагын дарга нарт өгч Онцгой комиссын хурлын тогтоолд тусгуулжээ.