УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Уг хуулийн төслийн талаар өнөөдөр /2024.12.20/ УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоог тодорхой цаг хугацаанд тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс нь тодорхой хугацаанд чөлөөлөх талаар хууль өргөн барьсан. Гэхдээ Монгол Улсад зорчин ирж байгаа, хувийн хэргээр зорчиж байгаа иргэдийн хувь хэмжээг гадаад иргэний эрх зүйн байдлаар тогтооно гэсэн үг. Энэ нь тоо хэмжээ байхгүй болно гэсэн үг биш. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар бус Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 гэдэг заалтаар зохицуулагдана.
Уг заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан.
Энэ тоонд л барина. Квот гэдэг зүйл бол дарга нарын аж ахуйн нэгжийг зовоох хэрэгсэл болсон. Өөрөөр хэлбэл квотод дандаа том аж аухйн нэгжүүд орж байгаа. Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа компаниудын хамаарал бүхий хүмүүсийг харвал дандаа улстөрчид байгаа. ЖДҮ эрхэлж байгаа нэг ч аж ахуйн нэгж энэ квотод багтаж чаддаггүй. Гэтэл томоохон аж ахуйн нэгжүүд энэ квотод хамрагдаад ажлын байрны төлбөрөөсөө Засгийн газар дээр 100 хувь чөлөөлөгдөж байгаа. Үүнийг л ярьж байгаа юм. Манай улсад жилд 20 орчим мянган гадаадын иргэний ажиллах хүчний квот тогтоосон байдаг. Манайхан ажилтан гэхээр дандаа Хятад ажилчдыг бодоод байгаа. Өнөөдөр манай улсад амьдарч байгаа Хятадын иргэдийн тоо хуулийн хэмжээнээс илүү гараагүй. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд цалингаас нь гадна жилд 15 гаруй сая төгрөг төлж байгаа. Үүнийг жижиг аж аухйн нэгжүүд дийлэхгүй.
Гол нь уул уурхайгаас бусад салбарт квот тогтоохгүй гэж тогтсон.
Гадаадын иргэд манай улсад нэвтрэхэд хурууны хээгээр нь бүртгэлжүүлдэг болсон учраас таньж, хяналтаа тавьдаг болсон. Хяналтаа тавьж чадахгүй гэсэн зүйл огт байхгүй. Улс төрийн дайралт хийх ч юм уу хэн нэгнийг дормжлох гэж байгаа бол би эмзэглэх зүйл байхгүй. Харин нийт Монгол эмэгтэйчүүдийг урдаа барьж, гадныхан ороод ирвэл тэр дундаа Хятадууд ороод ирвэл эмэгтэйчүүд маань тэд нартай суугаад янз бүр болно гэх мэтээр эмэгтэйчүүдийг битгий доромжлоод бай гэдгийг Женкогийн гар хөл болсон Н.Отгонтөгс, Япончуудын хөрөнгө оруулалтыг дээрэмддэг буурал н.Гансүх, УИХ-ын дарга байж Монголын хөгжлийг гацаасан З.Энхболд нарын зохион байгуулалттай бүлэг этгээдүүдэд хэлмээр байна. Та нар Монголын хөгжлийг танкны үлгэр ярьж, олон жил хойш нь татсан шүү. Тэгчихээд одоо эмэгтэйчүүдийг доромжлон барин ингэж болохгүй. Дутуу дулимаг зүйл байвал хуулийн төсөл дээр ярилцаж болно" гэлээ.