"Лантуун дохио" ТББ-ыг үүсгэн байгуулагч, иргэн Ч.Ганжавхлан нь энэ сарын 5-8-ны хооронд "Амьсгалмаар байна" тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.
Тухайн үед тэрбээр энэ талаараа "6-7 сарын хугацаатай таван шаттай акц хийчихье гэж шийдлээ. УИХ-ын хяналтын сонсгол болох нь тодорхой боллоо. Зургаан шаардлага дээр 2000 гарын үсэг цуглалаа. Даваа гарагт бүх хариуцсан дээд байгууллага руу шаардлага хүргүүлнэ. Араас нь тууштай нэхээд явна. Ирэх долоо хоногт шийдэх ёстой дарга нартай хамгийн их утаатай уулан дээр гадаа хэлэлцүүлэг хийхээр болов. Ар араасаа хэлэлцүүлэг урьдчилан сэргийлэх танин мэдүүлэх арга хэмжээнүүд явна. Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга нь гараад ирэхээр нь хот орчим агаарлах төвүүд хийгээч гэсэн тодорхой амлалт асуув. Хоёр хоногийн дотор хоорондоо хуралдаад нэгдэхэд хэлнэ гэсэн. Хүний эрхийн дэд хорооны дарга нь шат дарааллаар хамтраад дэмжээд явья гэсэн. 2000, 3000 хүний шаардлагын гарын үсгийн ялгаа сүрхий байхгүй, заавал энэ хүйтэнд баахан ээжүүд, хүүхдүүдийг талбай дээр зогсоож ханиад хүргэх шаардлага байхгүй. Энэ талбай дээр 100 мянган хүн цугласнаараа шийдэгддэг асуудал биш юм аа. Тийм шаардлага ч байхгүй. Урт хугацаанд ул суурьтай мэдлэгтэй шинжлэх ухаанч удаан явах ёстой. Энэ гурав хоногт ямар нэг улстөржилт, үймээн самуун, турхиралт энэ тэр болоогүй. Эргээд мэдээллэнэ. Бид одоо хуулийн баг, шаардлагын төслийн ажлууд дээрээ сууя даа. Утаа бол аймар их дайсан, эрх ашиг, гүтгэлэг дайралттай олон хүний эрх ашиг хөндөгдсөн сэдэв юм байна" гэсэн байдаг.
Үүний дараа тэрбээр өөрт нь дарамт, шахалт ирсэн талаар мэдэгдсэн бол удалгүй фэйсбүүк хаяг нь юм. Мөн иргэд агаарын бохирдлыг бууруулахыг Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудаас шаардах үед сандарсан улс төрчид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулж, энд тэнд утааг бууруулахтай холбоотой шийдвэрийг гаргаж НИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан юм.
Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр захирамж гаргаж, Л.Хосбаяр, З.Төмөртөөмөө нарыг багтаасан Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан НИТХ-д танилцуулахаар болсон юм. Ч.Ганжавхланг дарамталж, зайлуулсан эрх баригчид оронд нь Л.Хосбаяр, З.Төмөртөөмөө төлөөлөгчдийг гаргаж ирж, утааны асуудлыг хариуцуулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Учир нь МАН-аас сонгогдсон төлөөлөгчдөөс дорвитой шийдвэр гарна гэдэгт олон нийт эргэлзэж байгаа юм.