Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам " Өнөөдрийн байгаа байдал нь манай улс хэр их олон асуудалтай байгааг илэрхийлж байна. Бид өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй хэмжээнд байна. Утаа, хөрсний бохирдол, түгжрэл, гадаад руу махаа олигтой экспортлож чадахгүй мал нь өвчинд дарагдсан гэх мэт. Тэгэхээр бид хамгийн тулгамдсан асуудлаа эрэмбэлэж түүнийгээ шийдэхийн тулд шинжлэх ухаанаа хөгжүүлмээр байна. Шинжлэх ухаан технологийн сан 8.6 тэрбум төгрөгийг 399 төсөлд зарцуулсан юм байна. 400 төсөлд ийм хэмжээний мөнгө өгвөл том судалгаа хийх ямар ч боломжгүй. Дусаагаад, дусаагаад л явчихаж байна. Тэгэхээр улс оронд тулгамдсан асуудлыг эрэмбэлэж байгаад шинжлэх ухаанд төсөвлөсөн мөнгөө тийшээгээ л зарцуулбал яасан юм бэ. Бид нар шинжлэх ухааны салбарын цөөн хүний нөөцтэй. Тэгэхээр бүх асуудал руу орж чадахгүй. Чиглэсэн бодлого явуулбал яасан юм бэ. Дэлхийн том эрдэм шинжилгээний сэтгүүлд манай эрдэмтэд өгүүллээ хэвлүүлсэн байна. Энэ бол эрдэмтдийн том амжилт. Гэхдээ цаашид англи хэл дээр нээлттэй хэвлүүлээл орхих биш Монголд хэрэглэх ёстой. Тэгэхийн тулд Монгол дээр хэвлүүлж, хүмүүст ойлгуулж хэрэглэх ёстой" гэсэн юм.
ВИДЕО: