УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Европын эдийн засгийн холбоотой худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.12.18/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "Засгийн газар утааны асуудал дээр онигоогоо чирж дууслаа. Хичнээн ч ажлын хэсэг гаргав. Хичнээн ч үндэсний хороо байгуулав. Хэдэн зуугаар, их наядаар хэмжигдэх мөнгө зарцуулсан. "Цэвэр агаар" сангаас эхлээд. Нөгөө утаа нь нэмэгдээд л байдаг. Энэ утааны асуудалтай тэмцэх нь улстөрийн асуудал байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд яаж тэмцэж ирэв. Эцсийн дүндээ ялаагүй. Дандаа ялагдсан. Маш том хулгайн суваг болчихсон. Тэгэхээр өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн удирдлага, бүтэц эрхзүйн орчноо зайлшгүй эргээд хармаар байна. Утааны шийдлийг Үндэсний эвсэл юу гэж харж байна гэхээр, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн бүх ажилдаа дүгнэлт хийе. УИХ-аас Онцгой бүрэн эрхт түр хороог байгуулаад Засгийн газартай хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд аливаа байдлаар институцийн зөрчил гаргахгүйгээр маш тодорхой үр дүн эрэлхийлмээр байна. Утаа бол ерөөсөө л ядуурал. Хүнс тэжээлийн талон гээд 132 мянган өрхөд тарааж байна. Үүнийг болих хэрэгтэй. Хавтгайрсан халамжаа багасгаж, айл өрхүүдэд дулаалга тараамаар байна. Түр хугацаанд авах арга хэмжээ ийм байж болно. Утаа, түгжрэл бол тэр чигтээ макро эдийн засгийн асуудал. Үнэгүй зуух, шахмал түлш тарааснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ олон ажлын хэсэг, үндэсний хороо, сонсгол гээд зангиатай ажлууд нь хэтэрхий ихдээд байна. Утааны асуудал дээр УИХ нэг удаагийн дэгээр зохицуулсан Үндэсний хороо гаргаад, надаар ахлуулчих. Нямтайширийн Номтойбаяр ахалчихъя. Яагаад болохгүй гэж. Надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эдийн засгийн болон шинжлэх ухааны чиг баримжаатай, цэргийн командлалын зарчмаар явахгүй бол үр дүн гарахгүй" гэсэн юм.