Засгийн газрын өнөөдрийн /2024.12.18/ ээлжит хуралдаанаар нийслэл хотын агаарын бохирдол, өвөлжилтийн асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023 онд татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах шийдвэрийг гаргалаа.Уг үндэсний хороо нь агаарын бохирдлыг бууруулахад ойрын болон дунд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж ажиллана. Мөн УИХ, Засгийн газар, салбар яам, нийслэл, аймаг, дүүрэгтэй уялдаа холбоотой ажиллах юм.Нийслэл бүх асуудлаа өөрөө хариуцаад шийдээд явна.
Уг үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Хотын дарга Х.Нямбаатар ажиллана.
Тус үндэсний хороо нь ойрын өдрүүдэд яаралтай хэд, хэдэн ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, ард иргэдэд үнэн зөв мэдээллийг тогтмол ойлгомжтой хүргэнэ. Учир нь зарим хүмүүс агаарын бохирдлыг хэмжилтэд эргэлзэж байгаа. Ялангуяа түлшний тухай үнэн зөв мэдээллийг ойрын хугацаанд өгнө. Орц найрлага нь юу юм, хатаалга, технологийн дараалал нь зөв үү гэх мэт. Бусад дулаалга, хийн түлш, орон сууц, дэд бүтэц зэрэг асуудлыг бид мөн ярьж байгаа. Шахмал түлшнээс дараа нь юу руу шилжих вэ гэдгийг мөн ярьж байгаа. Нийслэлд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нүүрс түлж байгаа хэсгүүд байна. Зөвшөөрөлгүй хэсгүүдэд хяналт, шалгалт хийж арга хэмжээ авна. Харин зөвшөөрөлтэй хэсгийг даруй утаагүй халаалт руу шилжүүлэх асуудлыг ярьж байна. Түлш стандартын түлш рүү шилжүүлэх асуудал бий. Эхний ээлжинд 2000 гаруй төрийн мэдлийн автомашиныг евро-5 стандартын түлш рүү шилжүүлж байна. Өнөөдөр 8000 дизель машин байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа. Дизель түлш нь евро-5 стандарттай харьцуулахад маш их бохирдлыг үүсгэдэг. Тиймээс бид түлшний хангамж, үнийн асуудлаар ОХУ-тай ярилцана.
Урт хугацаандаа ногоон шилжилт рүү шилжинэ. Ингэхдээ цахилгаан автомашиныг олноор оруулах, татваргүй болгох асуудлыг УИХ-аар шийдүүлэх зэрэг технологийн шинэчлэлийг Үндэсний хорооноос дэмжиж ажиллана.
Ялангуяа хиймэл оюун ухаанд суурилсан хяналт, шалгалтын бүсэд ажиллана" гэлээ.