Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд Н.Энхболд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжилж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг харилцан ашигтай хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө Элчин сайдын хувиар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболдод баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын ард түмэнд хариу мэндчилгээ дэвшүүлэн БНХАУ-ын Засгийн газар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн буйгаа тэмдэглэв. Мөн БНХАУ-д суух Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд 28 улсын Элчин сайд оролцон итгэмжлэх жуух бичгээ барилаа.