"Эрдэнэт" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг Германд суух Элчин сайдаар томилж, түүний оронд Т.Бадрал, Б.Цэнгэл нарын нэгийг томилно

"Эрдэнэт" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг Германд суух Элчин сайдаар томилж, түүний оронд Т.Бадрал, Б.Цэнгэл нарын нэгийг томилно

"Эрдэнэт" ТӨҮГ-т үйлдвэрт шинэ удирдлага томилох гэж буй тухай мэдээлэл өнгөрсөн намраас хойш хөвөрсөн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тун удахгүй тус үйлдвэрийн ерөнхий захирлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Т.Бадрал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарын нэгийг томилохоор бэлдэж буй аж. 

-АРДЧИЛСАН НАМЫН И.МӨНХЖАРГАЛЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХЯНАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРЭЭР ТОМИЛОХ АЖ-

Харин одоогийн ерөнхий захирал Г.Ёндонг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Элчин сайдаар томилж магадгүй тухай мэдээлэл байна. Улс төрд тогтсон ёсоор эл албан тушаалд Ерөнхийлөгч өөрийн хүнээ томилох ёстой. Үүнээс үзвэл Т.Бадралыг "Эрдэнэт" ТӨҮГ-ын захирлаар томилох магадлал өндөр юм.

Түүнээс гадна Ардчилсан намаас ч хэд, хэдэн хүнийг Эрдэнэт үйлдвэр рүү явуулж байгаа аж. Тухайлбал, Ардчилсан намын И.Мөнхжаргалыг тус үйлдвэрийн Хяналт хариуцсан менежерээр томилох нь.

Хяналт хариуцсан менежер нь дэд захирлын эрх мэдэлтэй байх бөгөөд төсөв ч захиран зарцуулах аж. Тун удалгүй "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг өөр бусад төрийн өмчит компаниудын захирлыг ч мөн томилно. Өнөөдрийн байдлаар манай улсад Төрийн өмчит 122 компани үйл ажиллагаагаа явуулж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал наанаа төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулахын тулд гаднын менежмент оруулна гэж ярьж байгаа. Гэтэл цаанаа Засгийн газарт хамтарсан гурван нам эдгээр компаниудад хүмүүсээ томилж, үр ашигтай ажиллуулах нь бүү хэл эсрэгээрээ илүү данхайлгаж байгаагийн илрэл "Эрдэнэт" юм. 

-ЯАМДАД ДЭД САЙД, АГЕНТЛАГ, ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДАД НЭГЭЭС ХОЁР ДЭД ДАРГА ТОМИЛНО-

Тэр бүү хэл, дарга нарыг дураараа дургиж, тансаглахад саад болж буй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож, яам, агентлагуудад дэд дарга томилохоор ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хуулийг хүчингүй болгох төслийг Эдийн засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөр боловсруулсан бөгөөд өргөн барихаар бэлдэж байгаа гэх. Саяхан түүнийг эл хуулиа өргөн барьчих гэж эрх баригч намаас шахсан ч хөдөлж өгөөгүй. Учир нь дэд сайд, дэд дарга нарыг томилох мэдээлэл нь хэмнэлт, үрэлгэн зардал, шаардлагагүй албан тушаалыг танаж, хасахыг үргэлж шаардаж буй иргэдийн зэвүү, дургүйг хүргэх нь тодорхой. Тиймээс иргэдээс ирэх “гал”-аас айж түрдээ хойшлуулаад байгаа юм. Энэ бухимдлыг АН-ынхан дааж гарах тохироог ч хийсэн гэх. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан "Та нар өөрсдөө эрсдэлээ үүрээрэй" гэж хэлсэн гэж буй. Энэ хуулийг батлавал хуучин дэд сайд нарын ажиллаж байсан албан тушаалд нэр бүхий хүмүүсийг томилно. 

Ингэхдээ “Асуудал эрхэлсэн сайд”, “Орлогч сайд”-ын аль нэгээр нь нэрлэх бөгөөд нэг сайдыг хоёр ч эрхэлсэн сайдтай ажиллуулж магадгүй байгаа юм. 

Энэ хувилбараар явсан тохиолдолд Засгийн газрын 16 яам 30 орчим орлогч сайдтай байх бөгөөд тус албан тушаалтнуудын 50 хувийг УИХ-ын гишүүдээс 50 хувийг гаднаас томилохоор яригдаж байгаа. Мөн саяхан парламентаар батлагдсан нэгэн хуулийг дагалдуулж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т заасан "Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно" гэсэн заалтыг хүчингүй болгосон гэж буй. Өөрөөр хэлбэл, эрх баригчид дэд даргын албан тушаалын орон тоог гаргахын тулд аль хэдийн ажиллаж эхэлсэн гэсэн үг.  Ингэхдээ олон нийтийн анхаарлаас холдуулж, өөр хууль дагалдуулан бараг нууцлан тус заалтыг хүчингүй болгосон нь анхаарал татаж байна. Ингэснээр Төрийн өмчит компаниуд ирэх онд дэд даргатай ажиллах нөхцөл бүрдсэн. Энэ дагуу И.Мөнхжаргал нар томилогдохнь. Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт "Төрийн болон Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем" төслийг танилцуулах хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт болсон. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл " Ирэх оноос агентлагууд болон төрийн өмчит компаниуд дэд даргатай ажиллана. Бүтэц, орон тоо ихтэй агентлагууд хоёр ч дэд даргатай ажиллана. Тэгэхээр орон тоогоо дэд даргатай ажиллахаар зохицуулаарай" гэж ярьсан байдаг.