Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.12.16/ Засгийн газрын сайд, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон бусад албан тушаалтнуудыг дуудан уулзаж, утааны асуудлаар үүрэг чиглэл өгсөн.
Эл уулзалтын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "Шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхлэхэд утааны түвшин 40-50 хувиар буурсан. Өнөөдөр энэ амжилтаас яагаад ухрав гэдгийг Ерөнхийлөгч өнөөдөр ярилаа. Мөн хяналт, шалгалт суларсныг Ерөнхийлөгч сануулсан. Утааг бууруулах нь ганц байгууллагын ажил биш. Цааш, цаашдаа хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, төрийн байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Уулзалтад Ерөнхий сайд хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй. Уг нь бол Ерөнхий сайдыг урьсан байсан. УИХ-ын дарга, бүлгийн дарга нар, Шадар сайд нар оролцсон" гэсэн юм.
Тус уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Хотын дарга Х.Нямбаатар оролцоогүй байна. Тэрбээр өөрийнхөө оронд хоёрдугаар орлогч А.Амартүвшинг явуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын гол зохион байгуулалтыг Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хийх ёстой. Гэтэл сүүлийн үед агаарын бохирдол хэт өндөр түвшинд хүрчхээд байхад хэн ч гарч ирж шийдэл ярихгүй, төлөвлөгөөгөө танилцуулахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, утааг бууруулах ажлыг хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй, эзэнгүй байгаа юм. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч утааны асуудлаар үйлдэл хийж эхлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга нарын хэн ч оролцсонгүй.
Сонирхуулахад, Өнөөдөр өглөө л гэхэд Баянхошууд салхи 0.5 м/с байсан бөгөөд PM 2.5 >500, SO2>308-тай байна. Харин Толгойтод PM 2.5 >402, PM10 256-тай, 1-р хороолол орчимд PM 2.5 486, SO2 212, Хайлаастад PM 10 443, PM 2.5 439-той байлаа. Эдгээр үзүүлэлт нь "маш их бохирдолтой"уюу байж болох дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлтүүд байгаа юм.