Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг гараад Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал болон иргэд, ААН-ээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж ажиллалаа. Түүнчлэн НЗДТГ-ын газрын албатай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажил хийлээ.
Нийслэлийн газрын алба "Цагийн Эрч" гэх компанитай холбоотой хилийн цэсийн маргаантай гэдэг асуудал яригдаж байна. Нийслэлийн Засаг дарга 2020 онд газар давхардуулан олгосон байсан. Маргааныг нь шүүхийн шийдвэр тасалсан. Гэвч харамсалтай нь Нийслэлийн газрын алба энэ асуудлыг шийдээгүй яваад байгаа юм. Энэ талаарх манайд гомдол өгсөн байсан. Тэгээд шалгатал, шүүхээс гаргачихсан шийдвэрийг зөв буруу тухай ЗДТГ дээрх зөвлөл шийдээд, хойшлуулаад байж байдаг юм байна. Тэд ингэх ямар эрх мэдэлтэй юм гээд хайвал хуулиар олгогдсон ямар ч эрх мэдэл, чиг үүрэг байхгүй. 2021 онд Үндсэн хуулийн дагуу шүүхээс гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх асуудлаар Ерөнхий сайд шийдвэр гаргаж байсан.
Түүнчлэн 2022 онд УИХ-ын хоёр ч байнгын хорооноос давхардуулан газар олгодог асуудлыг цэгцэлж, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй байх талаар тогтоол гаргаж ч байсан. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын түвшинд энэ Нийслэлийн газрыг албанд удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Харамсалтай нь үүргээ хэрэгжүүлэхгүй байна.
Үндсэн хуулиар эрх мэдлийг олж авсан төрийн байгууллагууд нь шийдвэрийг хэрэгжүүлэх гэхээр бас болохгүй. Хэн гацаагаад байна вэ гэхээр дахиад л нөгөө зөвлөл. Тэгэхээр энэ зөвлөл гэж байгууллага ерөөсөө байхгүй, хуульд энэ зөвлөлд ямар ч эрх мэдэл байхгүй. Яагаад ийм эрх эдлээд байна гэхээр даргын баталсан журмаар эрх мэдлийг олж авдаг юм байна. Монгол Улсад эрх мэдлийг Үндсэн хууль л олгоно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд УИХ-тай хамтарч ажиллана. Монгол Улс, Үндсэн хуулиасаа холдож, данхайсан байна. Иргэн, ААН-ээс хуульд заагаагүй зүйлийг шаарддаг юм байна" гэлээ.