Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг /ХХААХҮЯ/ Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газраас гаргаж, УИХ-аар дэмжсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор тус яамыг Дархан-Уул аймаг руу үе шаттай нүүлгэж байгаа юм.
-ХХААХҮЯ: ЯАМНЫ БАЙР БИШ ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ИРСЭН "ҮХМЭЛ" ХӨРӨНГҮҮДИЙГ ЗАРЖ БАЙГАА-
Энэ нүүлгэлттэй холбоотой хардлага бүхий мэдээллүүд өнгөрсөн хугацаанд гарсан. Тухайлбал, ХХААХҮЯ-ны байрлаж байсан Улаанбаатар хот дахь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах байр болон бусад өмчийг зарж, үрж байна гэх шүүмжлэлийг хариуцлагатай албан тушаалтнууд хэлсэн байдаг. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр /2024.12.13/ УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэрийн дор төрийн яамд, их, дээд сургуулиудыг нүүлгэх тухай асуудлыг яриад тэр асуудал нь шийдэгдэж дуусаагүй байхад газар болон хөрөнгийг нь зарах асуудлыг ярьж байна" гэсэн юм.
Энэ талаар ХХААХҮ-ийн яамнаас тодруулахад " Яамны байрыг зараагүй. Төрийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлсэн. Одоо Шадар сайд Т.Доржхандын ажлын алба болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монополын эсрэг газар яамны байрлаж байсан байранд байгаа. Энд ямар ч мөнгөн дүнтэй холбоотой гүйлгээ харилцаа хийгдээгүй. ХААХҮ-ийн яам нь Дарханд тус аймгийн Засаг даргын тамгын газартай хамт нэг байранд байрлаж байгаа. Тэр нь мөн төрийн өмчийн байр. Харин ХХААХҮ-ийн яамны мэдэлд байсан "үхмэл" хөрөнгүүд болох Амгалан, Яармаг дахь аж, ахуйн хашаа, 61-ийн гарамын дэргэд байрлах бензиний агуулах зэргийг дуудлага худалдаагаар зарж байгаа. Зарсан мөнгөөрөө ажилчдын Дархан-Уул аймаг дахь байрыг авна. Зарах үйл ажиллагаанд яам огт оролцоогүй Худалдан авах ажиллагааны газар АТГ-ын хяналтанд дуудлага худалдаагаар зарна. Үнэлгээг нь шинээр хийгээд зарах юм билээ. Одоо зарах гэж буй өмчүүд нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг сангуудаас авсан зээлийн барьцаанд ирсэн юм" гэлээ.
-ТӨРИЙН ӨМЧ, ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ НЬ УИХ-ЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД ХАМААТАЙ АЖ-
Тэгвэл УИХ-аас 2025 оны төсвийн төслийг дагалдуулж тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд энэ төсөлд төрийн мэдлийн обьект түүний доорх газрыг зарахыг хязгаарласан агуулгыг оруулж өгчээ. Энэ нь нийслэлийн газар болон өмчийг дураараа зарахаас сэргийлсэн шийдвэр бөгөөд яамны газруудыг зарахаар болбол УИХ-д танилцуулж, төлөвлөгөөгөө нарийн гаргаж ирэх чиглэлийг өгч байгаа аж. Учир нь газар, төрийн өмчтэй холбоотой асуудал нь УИХ-ын онцгой бүрэн эрхтэй холбоотой аж. Энэ талаар өчигдөр УИХ-ын чуулганд зарим гишүүд зориулж сануулж байлаа.