Эрдэмтэд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслөөс зургаан төслийг сонгож, шинжлэх ухаан, технологийн гарц шийдлийг нь хэлэлцэж байна

Эрдэмтэд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслөөс зургаан төслийг сонгож, шинжлэх ухаан, технологийн гарц шийдлийг нь хэлэлцэж байна

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр /2024.12.10/ "Шинжлэх ухаан – Оролцоо 2024" арга хэмжээг Чингис хаан музейд зохион байгуулж байна. 

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд дэвшүүлсэн 14 мега төслөөс 6 төслийг сонгож, тэдгээрт шинжлэх ухаан, технологийн оролцоог тодорхойлон төслийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж буйд оршиж байна. Энэхүү үйл ажиллагаанд шинжлэх ухааны байгууллага, төрийн захиргааны болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн 350 гаруй төлөөлөл оролцож, мега төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны шийдэл, инновацын талаар санал солилцсон юм.

Арга хэмжээний хүрээнд Сэргээгдэх эрчим хүч, Усан цахилгаан станц, Газрын доорх болон гадаргын ус, Хүнд аж үйлдвэр, Химийн аж үйлдвэр, Хиймэл дагуул ба тандан судлал сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, судалгааны үр дүн, инновац, технологийн шийдлийг танилцуулсан тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байлаа. Тус үзэсгэлэнгээр дамжуулан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан илүү үр дүнтэй болгох боломжуудыг олон нийтэд хүргэж, бодитой шийдлүүдийг санал болгох зорилготой юм.

Энэ үеэр 2024 оны “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийн шагнал гардууллаа. Энэ онд “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ээр эрдэм шинжилгээний 10 шилдэг бүтээл /ном/, эрдэм шинжилгээний 7 шилдэг өгүүлэл тус тус шалгарав.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл /ном/:

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Монгол Улсын түүх XX-XХI зуун”5 боть бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.

XX зуунд Монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээж, бататган бэхжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, үндэсний хувьд сэргэн мандсан орчин үеийн улс болсон нь урагш дэвших үйл явцын суурь болж, ХХI зуунд улам баяжин гүнзгийрч буйг таван ботид багтаан харуулжээ.

Бүтээлийн судалгааны багт Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, МУИС, МУБИС, ХИС, Үндэсний төв архив, Чингис хаан үндэсний музей зэрэг байгууллагын 26 эрдэмтэн судлаач ажиллажээ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарсан байна.

Тус бүтээл “Бээжин барын Гэсэр” болон “Лүн Фү Сэ хийдээс олдсон Гэсэр”-ийн барын болон хулсан үзгийн эх бичгийг сурвалж болгон уран зохиолын онолын үүднээс судалж, кирилл үсгээр хэвлэгдэж байгаагүй 7 бүлгийг үгийн сан, соёлын тайлбар, зүүлтийн хамт хэвлүүлсэн хэл, уран зохиолын харьцангуй бүрэн хэмжээний судалгаа юм.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидын “Шинэ нөхцөл дэх шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.

Уг бүтээл Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого түүний хэрэгжилтийн талаар хийсэн судалгааны үр дүн юм. Хөгжлийн үзэл санаанд тулгуурлан, улс орны бүхий л чадавхыг шинжлэх ухаан, технологи, инновацад суурилан эдийн засгийг буй болгох, Төр-Шинжлэх ухаан-Бизнес-Иргэний нийгэм гэсэн 4 тулгуур бүхий өргөн хүрээний зөвшилцөлд хүрсэн хөгжлийн загварыг боловсруулж гаргаж ирсэн шинэ бүтцийг санал болгожээ.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа нарын “Гал түймрийн шалтгаан нөхцөл: Химийн бодис” бүтээл 2024 оны шилдэг бүтээлээр шалгарав.

Тус бүтээл галын физик, химийн процессыг тайлбарласан, шатдаг болон шатамхай химийн бодис, материалын шинж чанар, шаталтаас үүссэн химийн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон гал түймрийн тухай онолын анхдагч, суурь материал болох боломжтой ажээ. 

 

 

 

 




Өнөөдөр туулай өдөр

9 цагийн өмнө