Шинэ жил дөхөж буй энэ үед хүн болгон л илүүдэл жиндээ санаа зовж, битүүхэн турахыг хүсэж, зарим нь гоёлын даашинзандаа багтахын тулд аль хэдийнээ тураад эхэлсэн байх. Гэвч турах процесс бол урт хугацааны процес. Өөртөө эрүүл амьдрал, эрүүл дадал зуршлыг бий болгож байж “зөв” болно. Тэгвэл турахаар төлөвлөж буй, турах гэж хичээж буй хүмүүст бага ч гэсэн зөвлөгөө болох болов уу гэсэн үүднээс бид энэ удаа Ж.Гантулгатай ярилцлаа.
Түүний хувьд 8 сарын хугацаанд 50 кг жин хасаж чадсан бөгөөд 125 кг жингээс 75 кг болтлоо турж чаджээ. Тэрбээр турна гэдэг бол урт хугацааны, эрүүл амьдралын эхлэл гэдгийг онцлон ярьсан юм. Ингээд түүний хэрхэн турсан талаарх ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Багаасаа тарган хүүхэд байв уу?
-Зургаа харахад багаасаа л тарган байсан байна лээ. Бага байхад хүүхдүүд тоглоомоор тарган гэж их шоолдог байсан ч дөжрөх хэмжээний тэгж удаан тарган явсан байгаа юм. Би эрэгтэй болохоор хүндээр тусгаж авах нь арай бага байсан ч хамаатнууд хүртэл уулзаагүй удахаараа ямар их таргалчихсан юм бэ гэдэг байсан.
-Яагаад турж эхэлсэн юм бол?
-Миний ойр хавийн хүмүүс бараг надаас илүү миний жинд санаа зовж, фитнест явья гэдэг байсан. Тухайн үед нь явахгүй гэдэг байсан ч яваандаа өөртөө дургүй болж эхэлсэн. Бараг өөртөө таалагдахын тулд турж эхэлсэн байх.
-Эрүүл мэндийн асуудал бас байсан уу?
-Чихрийн шижинтэй байсан. Одоо бол зүгээр болсон. Тарган, хөдөлгөөнгүй байсан болохоор яалт ч үгүй бодисын солилцоо явагдахгүй, биеийн эрүүл мэнд хэцүү болдог юм байна лээ.
-Бүх арга хүн бүрт тохирдоггүй юм шиг байгаа юм. Өөртөө туршиж үзээд бүтэлгүйтсэн аргууд бий юу?
-Жин ихтэй хүн болгон л хасах гээд оролдож үзээд, буцаж алдаад байдаг юм. Тийм процесс миний хувьд өмнө нь олон болсон. Тэгээд энэ оны хоёрдугаар сараас эхлээд л “одоо л больё” гэж бодоод турж эхэлсэн. Улмаар турж байгаа процессоо хадгалангаа хүмүүст хуваалцья гэж бодоод гуравдугаар сарын сүүлээс эхлээд бичлэгээ инстаграмаар олон нийтэд хуваалцаж эхэлсэн.
Гол нь өөртөө дурсамж хадгалангаа хүмүүст урам өгье гэж бодсон. Хүмүүс намайг сонирхоод эхэлбэл би өөрөө ч шантрахгүй шүү дээ.
-Хүмүүс гэнэт л турахаар шийдээд, хоолны дэглэм ихээр бариад эхэлдэг. Энэ хэр буруу вэ?
-Өөрийгөө хэт барьж, хорих гээд байдаг нь буруу. Тунг нь тааруулах хэрэгтэй. Бүх зүйл хэтэрвэл хор болно гэдэг шиг тааруулаад, тэнцвэртэй байлгах ёстой юм байна л гэж бодсон. Хүчлэх тусам жингээ буцаагаад алдах гээд байдаг юм байна лээ. Дэглэм барих биш амьдралынхаа эрүүл зуршлыг бий болгохоор урт хугацаандаа зорих хэрэгтэй.
-Өөрийнхөө турсан аргаасаа хуваалцаач?
Турахад нууц зүйл, нууц арга барил байдаггүй юм байна лээ. Нууц нь тууштай байдал л юм шиг байгаа юм. Эрүүл хүн гэдэг чинь эрүүл зөв харьцаатай биетэй байх ёстой шүү дээ. Гэтэл жингийн илүүдэлтэй байна гэдэг чинь асуудалтай л байгаа гэсэн үг. Миний хувьд усаа тогмтол ууж, алхалт хийдэг. Бүх эрдэс бодис, хэрэгтэй зүйлээ нэг тавагнаас авч, өөрийгөө хэт хорихгүй, хэт стресстэхгүй байж, нойрон дээрээ анхаарсан. Иймэрхүү хүн болгоны л мэддэг зүйлийг л хийсэн дээ.
-Одоогийн байдлаар нийт хэдэн кг жин хасчихаад байна вэ?
-125 кг.аас 75 кг болж, 50 кг жин хасаад зорьсондоо хүрчихсэн байгаа. Анх 50 кг жин хасна гэж бодож л эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сараар турж эхэлсэн гэхээр нийт 9 сарын хугацаанд энэ жинг хассан байна.
-Өөрийн чинв хувьд дэглэмээ алдах, шантрах үе байв уу?
-Дэглэмээ алдах үе байсан. Оройны хоол багасаад ирэхээр өдрийн энергиэ авах боломж багасна. Тэгэхээр шууд сөрөг бодлууд орж ирдэг. Гэхдээ хүмүүстэй хуваалцсаны давуу тал нь хүмүүс намайг харж байгаа шүү гэж бодоод дэглэмээ алдахгүй, тууштай байхыг хичээж байсан. Намайг турах хугацааг миний бичлэгийг үзэж байсан хүмүүс богиносгож өгсөн юм шимг санагдаж байгаа. Хүмүүст үзүүлэхээр тэд надаас их урам зориг авдаг. “Би бас жингээ хасаж байгаа. Хамт хичээж байгаад баярлалаа” гэх мэт урмын үгнүүд тууштай байхад нөлөөлдөг юм байна лээ. Гэхдээ хараад байхад турж байгаа хүмүүс өөрийнхөө өөрчлөлтийг бичлэгээр хуваалцах нь их болсон байна лээ.
-Турсаны дараа хүмүүсийн хандалга өөрчлөгдсөн үү?
-Хүмүүс миний өөрчлөлтөд их гайхсан. Яаж турсан юм бэ гэж л хамгийн их асуусан даа. Миний турах процесст нууц юм огт байгаагүй.
-Унаган мах арилдаггүй гэж ярьдаг шүү дээ. Өөрийн чинь хувьд үүнтэй санал нийлдэг үү?
-Унаган мах арилдаггүй гэлэг нь хүмүүсийн зохиосон худлаа үг байх. Хэмжээгээ тааруулахгүй буцаагаад алдвал хэн ч жин нэмнэ. Миний хувьд дэглэмээ бараг өдөр болгон алдаж, өдөр болгон онож явдаг. Өөрийгөө турсан процессоо харвал байнгын буурсан зүйл огт байхгүй. Хэлбэлзэлтэй байсан. Том зургаараа харахад жин маань буурсан байгаа ч байнгын хэлбэлзэлтэй байдаг.
-Жин хасахад хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь юу байв?
-Жингээ хасахын 80 хувь нь хооллолт, 20 хувь нь хөдөлгөөн байдаг. Өдөрт чанартай гурав хоолох хэрэгтэй.
Түүнээсээ хангалттай энерги, нүүрс ус, уураг, ислэгээ авах ёстой. Энэ талаарх мэдээллүүдийг өөрөө л эрэлхийлж, хайж олсон. Хэрвээ жин нэмсэн бол өмнөх өдөр нь юун дээрээ алдсан бэ гэдгээ хардаг. Бичлэгээ хадгалж авахын давуу тал нь тэр байсан. За одоо л эхэлнэ гэж сүртэй бодох шаардлагагүйгээр бага багаар эхэлж, өөрийгөө дасгах хэрэгтэй. Бага багаар усаа нэмж, ойрхон газар алхах ч юм уу тэгж эхэлбэл зүгээр. Стресстэж ядарч болохгүй. Тэр чинь эргээд эсрэг үр нөлөө үзүүлэх боломжтой.
-Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Гэрийнхнийхээ хажууд байнга таргалж, тураад байсан болохоор нэг их тоогоогүй. Одоо л тууштай явчихна биз дээ л гэж байгаа.
-Өөрийн чинь сэтгэл санаа турсаны дараа хэрхэн өөрчлөгдөв?
-Нэг зорьсон зүйлдээ хүрчихээр дараа дараагийн ажил санаанд орж ирээд, би угаасаа чадах л юм байна, нэг л эхлүүлүчихвэл дуусгачих л юм байна гэж бодоод өөртөө илүү итгэлтэй болоод байгаа. Одоо цаашдаа илүү фит болох чиглэл рүүгээ явья гэж бодож байна. Турж чадсан л юм чинь фит болж чадна шүү дээ. Одоо фитнесст явж, биеийн пропорц дээрээ илүү анхаарна.
-Ямар хөдөлгөөн хийж турсан бэ?
-Багаасаа алхах, сагс тоглох дуртай хүүхэд байсан. Миний хувьд алхахыг их чухалчилдаг. Нэг цэгээс нөгөө цэг хүртэл газрын зургаа харж байгаад л алхчихдаг. Жингээ хаяад ирсэн чинь биеийн байдал их сайжирсан. Өглөөнөөс орой хүртэл гол нь бүх зүйлээ төлөвлөж, цагаа нарийн тооцох хэрэгтэй. Гол нь цаг хугацаанд баригдахгүйгээр эрүүл амьдралыг л бий болгох хэрэгтэй шүү. Цаана нь өөрийн чинь эрүүл мэнд яригдана шүү дээ. Ганц удаагийн даашинзандаа багтах эсэх асуудл биш байхгүй юу. Хүмүүс яаж турсан бэ, аргаа хуваалцаач гэж их асуудаг. Би дэглэм нэг их бариагүй. Нарийн арга нууц гэж байхгүй. Миний хувьд өөрийнхөө боломжоороо л хөдөлгөөнөө хийчихдэг байсан. Мөн жин хасахад сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй. Өдөр бүр жингээ үзэхдээ сэтгэл зүйгээ савлуулаад байж болохгүй. Стресстэй үедээ хүн далд оюун ухамсараараа хамгаалалтын механизмаа ашиглаад өөх хуримтлуулж эхэлдэг гэдэг. Тийм болохоор стресстэхгүй тайван л байх хэрэгтэй.