Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүлжээ

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүлжээ

БНСУ дахь ЭСЯ-наас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн үйл явц, улс төр, нийгэм, эдийн засаг үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг тус улсад суралцаж, ажиллаж амьдарч буй монгол оюутан залуус, иргэд тэдний үр хүүхдэд энэ сарын эхний өдрүүдэд таниуллаа.

Тодруулбал, 12 дугаар сарын 1-ний ням гарагт БНСУ дахь хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн “НАМҮ” төвийн үсэглэлийн баярыг ЭСЯ-ны байранд зохион байгуулжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Сүхболд энэ үеэр, “Хүн бүрийн мартагдашгүй дурсамжийн нэг нь үсэглэлийн баяр байдаг. Энд ажиллаж амьдарч буй монгол хүүхдүүдийг эх хэлээрээ сурч, боловсрох үүдийг нээхээр Монгол сургууль шинээр байгуулах судалгаа, санаачилга эхлүүлсэн”-ээ танилцуулаад, монгол иргэддээ тулгамдаж буй асуудалд анхаарч, ажиллаж байгаагаа тодотгожээ.

Үсэглэлийн баярт 50 орчим монгол хүүхэд эцэг, эхийнхээ хамт оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэн, цагаан толгойн 35 үсгээ дуудаж, “Есөн эрдэнийн орон” шүлэг уншиж, баяр хөөртэй өдрийг өнгөрүүлсэн байна.

Элчин сайд С.Сүхболд анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн талаар Ёнсэй их сургуульд энэ сарын 2-нд, Сөүлийн Үндэсний Их сургуульд 3-нд, Кореа Их сургуульд 4-нд, Конгүг Их сургуулийн Монгол оюутнууддаа 5-ны өдөр цуврал лекц орж, залуусын санал бодлыг сонсжээ. Тухайлбал Конгүг Их сургуулийн Ерөнхийлөгч Пил Вон Жонтой уулзаж, хэлний бэлтгэлээс эхлээд үндсэн ангид суралцаж буй 400 орчим монгол оюутныхаа сургалтын хөтөлбөр, сурах орчин, Монгол Улсын их, дээд сургууль хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах, хөдөө, аж ахуйн чиглэлээр хамтарсан судалгаа хийх боломжийн тухай санал солилцлоо.

Мөн, Кореа их сургуульд зочлох үеэр тус сургуулийн Ерөнхийлөгч Ким Дон Унтай уулзсан. Ким Ерөнхийлөгч монгол оюутнуудын мэдлэг, хичээл зүтгэл, хариуцлагатай чанарыг сайшааж, Солонгосын төрийн байгуулалт, иргэдийн оролцоо, хяналттай ардчилсан тогтолцоо, боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, сургалтын орчинтойгоо танилцууллаа. Кореа Их сургуульд, 300 орчим монгол оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторт суралцдаг аж. ЭСЯ-наас тус улсын бусад их, дээд сургуульд сурч буй монгол оюутнуудтай үргэлжлүүлэн уулзахаар төлөвлөж байгаа аж.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө