Эрүүл мэндийн яамнаас Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр " Нийт өвчлөгчдийн 80 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүний 60 гаруй хувийг 10 наснаас доош насныхан эзэлж байгаа. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх ялангуяа цэцэрлэг, сургуульд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг уриалж байна" гэлээ.
ЭХЭМҮТ-ийн АЗЭС Тасгийн эмч Г.Болортуяа "Хүүхдийг ханиадтай үед нь арц хүж, хурц үнэртэй үнэртэй ус, тамхины утаа, хиншүү зэргийг үнэртүүлж болохгүй.Хүүхдийг эмнэлэгт эмчлүүлж, эмчлүүлж гаргахаар эмээ, өвөө нар нь арцаар утдаг. Тэгэнгүүт хүүхдийн гуурсан хоолой дахиад л агшиж, шуугиант амьсгал эхэлнэ. Тухайн хүүхдийн өөрийнх нь онцлогоос шалтгаалж дунджаар 5-10 хоног эмчилгээ хийлгээд гарч байгаа. Гэтэл хатгалгаа өвчин бүрэн эдгэрч шимэгдэх хугацаа нь 45-60 хоног байдаг. Эмнэлэгт халдварын цочмог үеийг дардаг. Өндөр давтамжтай халуурах, амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд арилж, хүүхэд гэрт нь асаргаа хийлгэхээр гаргадаг. Тиймээс гэрийн асаргаа маш чухал. Хүүхдийнхээ дархлааг нь дэмжиж, эцэг эхчүүд амны хаалтыг маш сайн зүүж хэвших хэрэгтэй. "Манай хүүхэд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байж ханиад авчихлаа" гэж эцэг, эхчүүд хэлдэг. Тэгвэл гадуур явж байгаа хүн вирус тээгээд байна гэсэн үг. Тиймээс амны хаалт зүүх нь маш чухал. Гэртээ ороод ам, хамраа зайлаад, гараа угаах хэрэгтэй. Үүний дараа хүүхэдтэйгээ харьцах ёстой. Агаарын замаар халддаг учраас гаднаас орж ирээд ханиаж найтаагаад ярих болгонд шүлсээр вирус агаарт тархахад хүүхэд тэр агаараар амьсгалж дахиад ханиад авна гэсэн үг. Том хүмүүс харьцангуй дархлаа өндөр. Өвдсөн хүүхдэд шингэн юм сайн уулга. Бүлээн ус, хярам, цайг бага, багаар шимүүлж уулгах хэрэгтэй. Ундаа, чихэрлэг зүйлсээс татгалзаарай" гэсэн юм.