Оросууд өөрсдөөсөө манай улсыг цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд хараат байлгаж ирсэн. Мөн оросуудын манай улсад нөлөөллөө тогтоох эрмэлзэл нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байж болзошгүй байгаа.
-“ЕВРОАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО” ГЭГЧИД МОНГОЛЫГ ЭЛСҮҮЛЭХЭЭР ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ БАГАСГАСАН, БОЙКОТОЛСОН БАЙЖ МАГАДГҮЙ-
Тухайлбал, 2023 оны арванхоёрдугаар сар /2023.12/-д ОХУ-аас манай улсад экспортолдог шатахууны цоргоо нарийсгаж, өвлийн хүйтэнд монголчууд нийтээрээ шатахуунд оочирлосон нь оросууд манай улсыг өөрсдийн байгуулсан “Евро азийн эдийн засгийн холбоо” гэгчдээ нэгтгэхээр эрх баригчдыг бойкотолсон байж болзошгүй байдаг.
Учир нь өнгөрөгч оны есдүгээр сар /2023.09/-д ОХУ-ын Засгийн газраас, “Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улс орнуудад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарлана” гэдгээ мэдэгдэж байв. Оросуудын шатахуунаа таслахгүй нийлүүлнэ гэсэн эдгээр дөрвөн орон нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 2014 онд байгуулсан “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны гишүүн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн орнууд юм.
Өдгөө тус холбоог ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин даргалж байгаа бөгөөд манай улсыг тус холбоонд гишүүнээр элсэх боломжит орон гэж оросууд үздэг гэдэг.
Учир нь энэхүү холбооны орнууд манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн авах сонирхолтой. Харин тус таван улсын зах зээлд монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүнүүд комиссын мөрддөг тарифыг дагана. Товчхондоо, манай уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тэд тогтоож, бид дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ худалдахгүй гэсэн үг. Харин Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга судлуулж байсан гэдэг. Харин түүний судлуулж байсан хэлэлцээрийн агуулгыг одоог хүртэл олон нийт мэдээгүй.
-АН, ХҮН НАМТАЙ ХАМТАРЧ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛСНЫ НЭГ ЗОРИЛГО НЬ ЕВРОАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО БАЙВ УУ-
Тэгвэл өнгөрөгч баасан гараг /2024.12.06/-т болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, “Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдээд ЗХУ-ын харьяанд байсан орнуудтай худалдааны гэрээ байгуулж байгаа юм байна” гэж мэдэгдсэн нь олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь дотоодын үйлдвэрлэгчдээ золиосолж худалдааны хэлэлцээр байгуулах нь буруу гэж олон иргэд үзэж байна.
ВИДЕО: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн мэдэгдэл
Тухайлбал, монголчууд өөрсдөө цементээ хийдэг 4-5 үйлдвэртэй болсон ч өнгөрөгч хавар импортын цементийг татвараас хөнгөлснөөр дотоодод үйлдвэрлэх цементийн хэмжээ багассан. Мөн “Атарын аян” зэргийг зарлаж, улсаас маш их мөнгө зарцуулан байж улаанбуудай, гурилаа дотооддоо тариалдаг болоод байтал өнгөрөгч хавар импортын гурил, улаанбуудайг татвараас чөлөөлсөн нь дотоодод тариалах гурил, улаанбуудайн хэмжээ эрс багасаад байгаа юм. Харин Евроазийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулсан тохиолдолд тус холбооны гишүүн орнуудын хүнс тэргүүтэй бараанууд манайд татваргүй орж ирэн манай үйлдвэрлэгчид сөхөрч, цаашлаад манай улс шатахуун, цахилгаан, төмөр замаас гадна өөр олон зүйлээр гаднаас хараат болно гэсэн үг.
Гэтэл Ч.Лодойсамбуу гишүүний хариулалтад Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “хэлэлцээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд таван удаагийн хэлэлцээр явсан байх. Одоо эцсийн шатандаа орсон. Юм болгон эцсийн шатанд орсны дараа гэнэт ухаарсан юм шиг тал, талд мэдэгдэл хийж, бослого гаргадгаа болих хэрэгтэй. Энэ хэлэлцээрийг би яваасай гэж бодож байгаа” гэсэн юм.
Мөн Л.Гантөмөрийн тайлбараар бол Евроазийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулж чадсанаар манай эдийн засаг тэлэх юм гэнэ. Олон улсын хоригт орсон Орос, Беларустай шүү дээ. Учир нь Евроазийн эдийн засгийн холбооноос Армени улс гарахаар шийдсэн бол Киргиз, Казахстан удахгүй гарах төлөвтэй байгаа аж.
Хамгийн ноцтой нь сүүлийн 8 жилийн хугацаанд МАН парламентад үнэмлэхүй олонхыг бүрүүлж, Засгийн газрыг удирдсан. Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуулиар 68 суудал авч мөн ялалт байгуулсан МАН-ын удирдлагууд АН, ХҮН намуудтай нийлж, хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн. Энэхүү нэмэгдлийг Т.Доржханд тайлбарлаж, галыг өөртөө авч гарсан. Харин өдгөө Оросын Евроазийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах ажлыг Л.Гантөмөрөөр гүйцэлдүүлж, өнөөх нь Засгийн газрынхаа бодлогоос гажихгүй гэсэн бат итгэл үнэмшлээр “дотоодын үйлдвэрлэгчдээ золиосолж” байж магадгүй байна. Үүнийг л магадгүй “хүний гараар могой бариулах” гэдэг байх.
-“АНХААРУУЛЖ” БАЙСАН МҮХАҮТ-ИЙН БАЙР СУУРЬ ДАРГА НЬ СОЛИГДООД, ӨӨРЧЛӨГДЖЭЭ-
Оросын байгуулсан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн тавхан орноос бүрддэг “Евроазийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах хэлэлцээ сүүлийн 2 жилийн хугацаанд явагдсан” гэдгийг Л.Гантөмөр тодотголоо.
Тэгвэл “Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд алдаануудыг давтахгүй байх үүднээс МҮХАҮТ-ийн болон бизнес эрхлэгчдийн саналыг заавал тусгах шаардлагатай бөгөөд давчуу хугацаанд яаран тулгалгүй, илүү нухацтай алгуур хандах нь чухал” хэмээн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12 /2024.11.12/-ны өдөр мэдэгдэл гаргаж байжээ. Үүнийг дараа тус танхимын ерөнхийлөгчийг сонгох хурал болж Л.Төр-Од гэгч сонгогдсон. Тэгвэл тэрбээр, “Евроазийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр шатахуунаа хямд үнээр авах боломжтой. Хойшоо суух биш урагшлах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
ВИДЕО:
МҮХАҮТ-ын танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од: Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр шатахуунаа хямд үнээр авах боломжтой. Хойшоо суух биш урагшлах ёстой pic.twitter.com/Y3T0f48VZC
— iToim.mn (@iToim_mn) December 8, 2024