Соёлын эрхийн бичгийн 18 тэрбум төгрөгийн ваучерыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ

Соёлын эрхийн бичгийн 18 тэрбум төгрөгийн ваучерыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ

2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьж, бүхэлд нь хүчингүйд тооцсоноор Засгийн газар төсвийг дахин өргөн барьсан юм.

Улмаар өнөөдрийн /2024.12.06/ чуулганы хуралдаанаар дахин өргөн барьсан 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим, зүйл хэсэг хүчингүй болсон тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 103 гишүүний 64 татгалзлаа.

Ингэснээр 18 тэрбумаар Соёлын эрхийн бичиг тараах төсөв хасагдсангүй.

Харин кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжсэнгүй. Мөн Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болгохыг гишүүд дэмжээгүй юм. Ингэснээр Соёлын сайд Ч.Номингийн төсөв хэвээр үлдэхээр болж байна. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд хасах саналыг дахин гаргавал мөн тус төслүүдийг танах боломж бий.

Санал хураалтын дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Гишүүдэд зарим зүйлийг анхааруулж хэлье. Өмнө нь Ваучерын асуудлыг хасъя гээд Ажлын хэсэг оруулж ирсэн. Чуулган дээр хасаагүй. Дараа нь байнгын хороо, Ажлын хэсэг муу байсан гэсэн шүү. Одоо дахиад үүнийгээ хамгаалж байгаа бол Байнгын хороо, Ажлын хэсэгт ямар ч буруугүй шүү. Хэрвээ энэ асуудлаа дахин шийдье гэж байгаа бол горимын санал гаргаад шийд ээ. Өмнөх дээр Ж.Баярмаа гишүүн горимын саналыг дэмжээгүй унагаасан. Хамт олон, олонхиороо шийд гаргачихаад ганц нэг хүн рүү чихэж болохгүй. Одоо ингээд хамгаалаад байж болохгүй шүү.