Эхнээсээ УИХ-ын гишүүдийн шүүмжлэл, хэл амыг дагуулсан 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг нэг удаагийн дэгээр хэлэлцэхээр тохирсон ч УИХ дэмжээгүй юм. Тиймээс 2025 оны төсвийн төслийг бүхэлд нь хүчингүйд тооцож, Засгийн газар дахин өргөн барихаар болсон.
Энэ хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцээд баталчихлаа.
-АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД МАШ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА ХЭМЭЭН БУХИМДЖЭЭ-
Одоо 2025 оны төсвийн төслийг УИХ-д дахин өргөн барина. Сангийн сайд Б.Жавхлан “2025 оны төсвийн төслийг УИХ-аар өргөн хүрээнд, хүртээмжтэйгээр 70 гаруй хоног хэлэлцсэн. Тэгэхээр дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Есдүгээр сарын 01-ний өдөр өргөн барьсан төсвийн үндсэн суурин дээр Ерөнхийлөгчийн хориг болон УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу засваруудыг хийгээд өргөн барина. Анхан шатнаас нь дахин тоонуудыг цуглуулах шаардлагагүй. Хялбаршуулсан байдлаар бэлдэж хуулийн төслийг өргөн барина” гэсэн юм.
Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын шаардсаны дагуу гялс засваруудаа хайрцаглан өнөөдөр /2024.12.04/ дахин өргөн барих болов уу гэсэн хүлээлт байна.
Өчигдөр /2024.12.03/ ажил тарсан хойно Засгийн газраас МАН, АН-ын бүлэгт дахин өргөн барих төсвийн асуудлаар мэдээлэл өгчээ. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан МАН-ын бүлэгт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат АН-ын бүлэгт 2025 оны төсвийн төслийн ерөнхий танилцуулгыг өгсөн байна. Харин АН-ын бүлгийн гишүүд маш ерөнхий мэдээлэл өгч байгаад бухимдан дэлгэрэнгүй засвараа танилцуулахыг шаардсан бол Сангийн яамны зүгээс төсвийн дэлгэрэнгүйг өргөн барьсны дараа танилцуулна гэх байр суурийг илэрхийлжээ. МАН-ын бүлгийн хурал ч мөн ийм уур амьсгалтай байсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.
-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ИНФЛЯЦИТАЙ УЯЛДУУЛАН 6 ХУВИАР НЭМЭХИЙГ БОЛИУЛНА -
Өмнөх гологдсон төсвийн төсөл нь 1.9 их наядын алдагдалтай батлагдсан бөгөөд үүний ихэнхийг төрийн албан хаагчдын цалин, зэвсэгт хүчний салбарын ажилчдын цалингийн нэмэгдэл, хууль хяналтын байгууллагын шинээр нэмэгдэж буй зардал эзэлж байгаа гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлж байлаа. Тэгвэл өчигдөр МАН, АН-ын бүлэгт танилцуулга хийх үеэрээ "Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулан 6 хувиар нэмэхээр төлөвлөж байсан. Энэ нэмэгдлийг хасаж байж зардлыг танана" гэж танилцуулжээ.
-МАН, АН-ЫН БҮЛЭГТ ХИЙСЭН ТАНИЛЦУУЛГАД-
Улсын төсвийг 833 тэрбумаар, Гадаад зээлийн ашиглалтыг 211.6 тэрбумаар нийт 1.4 гаруй их наяд төгрөгөөр буулгахаар тооцсон гэжээ. Цаашлаад төсвийн тэнцлийн өөрчлөлтөөр тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.9 их наядаар, суурь тэнцлийг 1.7 их наядаар нэмэхээр болжээ. Энэ бол ерөнхийд нь алдагдалгүй болгож байна гэсэн үг. Харин төсвийн орлогыг 0.5 их наядаар, урсгал зардлыг 1.4 их наядаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 0.8 их наядаар, гадаад зээлийг ашиглалтыг 0.2 их наядаар хасаар тооцсон байна.
Төсвийн орлогыг 33.3 их тэрбумаар буурна гэж тооцсон бөгөөд Гаалийн орлогыг -544.3 тэрбумаар, НДШ, ЭМД-ийн орлогыг -174 тэрбумаар, Дотоодын барааны НӨАТ-ын орлогыг -137 тэрбум төгрөгөөр тус, тус бууна гэж тооцжээ.
-ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛОН БУСАД ТЭТГЭМЖИЙГ ХӨНДӨХГҮЙ-
Харин Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1.6 их наяд төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2.3 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн 5.9 их наяд төгрөг, Хүүгийн төлбөр 1.3 их наяд төгрөг, цалингийн суурь 5.4 их наяд төгрөг, Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, бусад хуульд заасан тэтгэмж 0.5 их наяд төгрөг гээд нийт 17 их наяд төгрөгийн зардлыг огт хөндөхгүй аж.
Харин урсгал зардлаас 1.4 их наяд, хөрөнгийн зардлаас 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтд 0.2 их наяд гэх мэт 2.4 их наядыг хасахаар болжээ. Мөн шилжих төслүүдийг огт хөндөхгүй мөртлөө 2024 оны.12.02-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг хойшлуулж 158.2 тэрбумаар, Бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж, үе шаттай хэрэгжүүлэх ажлаас 517.9 тэрбумыг, зарим ТЭЗҮ, их засвар санхүүжилтийг тодорхой хувиар бууруулж, хойшлуулах ажлаас 61.1 тэрбумаар, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувиар буюу 83.6 хувиар хасахаар болсон байна.
Хавдрын эмнэлгийн их засвар болон "Хавдрын эмнэлэг барилга 2"-н дэд бүтийг эхлүүлэхэд 7.9 тэрбумыг нэмж өгөхөөр дахин өргөн барих төсөвт тусгажээ.
Тэгвэл доорх хөтөлбөр, арга хэмжээг зогсоож, хойшлуулах бөгөөд энэ хүрээнд холбогдох хуульд өөрчлөлт оруулах юм байна.
- Соёлын эрхийн бичиг 18 тэрбум
- Идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих зардал
- Кино урлаг дэмжих зардал
- Сургалт, семинарын зардал
- Тээврийн үйлчилгээ
- Эрүүл идэвхтэй амьдрал
- Зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс
- Соёлын бүтээлч үйлдвэрлэл