АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийв.
Тэрбээр, "УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурван асуудлаар мэдээлэл сонслоо. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 20 минутын хот бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүсч, дэгийн хувьд зохицуулах шаардлага үүссэнээр Засгийн газраас Төсвийн хууль өргөн барьсан тул Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Мөн Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт Конрад Аденауэр сан хамтраад хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Энэ хүрээнд чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах тухай утга санаа агуулгын хүрээнд дөрвөн зүйл заалттай тогтоолын төсөл өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэгдүгээрт, хувийн өмчийг төрөөс дур мэдэн хурааж дайчлах. Олгосон эрхээ цуцлах болон хувийн өмчид бусад этгээд халдан түрэмгийлэх явдлыг таслан зогсоох чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хуулийн төсөл боловсруулж УИХ- дөргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай. Хоёрдугаарт, УИХ-аар хуулиар тогтоогоогүй бол тухайн бизнесийн салбар чиглэлд төрийн өмчит компанийг нэмж байгуулахыг хориглох тухай төслийг Засгийн газраар боловсруулах нь зүйтэй. Гуравдугаарт, төр өөрийн олгосон лиценз, зөвшөөрөл эзэмших, ашиглах гэрчилгээнийхээ баталгаат байдал, зөвшөөрөл эзэмшигчийн өмнө үүрэг хүлээх нөхцлийг тодорхой зохицуулж, холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, Өрсөлдөөнт зах зээлийг хөгжүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх, тарифыг бууруулах, уул уурхайн бус экспортын салбарыг урамшуулан дэмжих, жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийн өртгийг бууруулах, санхүүгийн салбарын либералчлалыг эрчимжүүлэх чиглэлээр боловсруулж танилцуулахыг үүрэг болгох чиглэлээр Ардчилсан намын бүлгээс тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.