У.Хүрэлсүх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульдаа, Л.Оюун-Эрдэнээс Л.Гантөмөр, Т.Доржханд нартаа зориулж, Улс төрийн намын хуулийн ГАНЦ заалтыг өөрчлөхөд эрх ашигаа шингээжээ

У.Хүрэлсүх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульдаа, Л.Оюун-Эрдэнээс Л.Гантөмөр, Т.Доржханд нартаа зориулж, Улс төрийн намын хуулийн ГАНЦ заалтыг өөрчлөхөд эрх ашигаа шингээжээ

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн онцлох сэдэв Улс төрийн намын тухай хуулийн ганцхан заалтыг өөрчлөх асуудал байлаа.

-ГАНЦ ЭНЭ ЗААЛТ НЬ ТУС ХУУЛИЙН АМИН СҮНС БӨГӨӨД ӨӨРЧИЛЖ ЧАДАХААС ХАМААРЧ  ЗГ ТОГТВОРТОЙ БАЙХ, 2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХЭР ТАЙВАН АМГАЛАН ЯВАГДАЖ ДУУСАХ АСУУДАЛ ХҮРТЭЛ ХӨНДӨГДӨНӨ-

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-д өргөн барьж, долдугаар сарын 07-ны өдөр парламентаар баталсан Улс төрийн намын  тухай хуулийн шинэчилсэн найруулгын  2 дугаар зүйлд  “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан.

Энэ заалтаар бол улс төрийн намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр боловсруулж 2025 оны нэгдүгээр сард багтаан Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр байгаа юм.

Харин Засгийн газар уг заалтад тусгасан “2025 оны нэгдүгээр сар” гэх хугацааг “2027 оны 08 дугаар сарын 01-ний өдөр” болгон өөрчлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь ийнхүү улс төрийн хүрээнд өндрөө аваад байгаа юм. 

Угтаа бол нэг л он, сар, өөрчлөх асуудал. Гэхдээ энэ заалт нь тус хуулийн амин сүнс бөгөөд үүнийг өөрчилж чадахаас хамаарч Засгийн газар тогтвортой байх цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэр тайван амгалан явагдаж дуусах асуудал хүртэл хөндөгдөж буй юм. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга Ерөнхийлөгчийн өргөн барьснаар буюу 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлбэл МАН, АН, ХҮН намаас эхлээд бүгдээрээ Их хурлаа хийж дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчилнө. Дагаад намын даргаа хүртэл өөрчлөх шаардлага гарна.

Яг ийм учраас л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ заалтын хэрэгжих хугацааг хойшлуулах гол хөөцөлдөлгөөг хийсэн байна. Ингэхдээ АН-ын дарга Л.Гантөмөртэй тохирч тэдний тохироог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж ажилласан байх магадлалтай байгаа юм. Тэгэхээр дээрх заалтын хэрэгжилтийг хойшлуулах нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон парламентад суудалтай намууд гээд бүгдийнх нь эрх ашиг байх нь. Хэрвээ хойшлуулж чадвал эх нь эцэхгүй, тугал ч турахгүй бүгд эрх ашгаа хамгаалж үлдэж чадахаар байгаа юм.

--ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЖ УГ ЗААЛТЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖИЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙГАА ЮМ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа тогтвортой, арай урт ажиллуулахын тулд Засгийн газарт хамтарч буй хоёр намынхаа даргад зориулж, энэ заалтын хэрэгжилтийг хойшлуулж байна гэж болохоор байна. Тэр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны  өмнө гишүүдтэй уулзаж, тус заалтыг хойшлуулахыг дэмжээрэй гэж захисан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Тийм ч учраас энэ хууль гэрлийн хурдаар хэлэлцэгдэн дэмжигдэж байгаа.  Харин нөгөө талд Ардчилсан намынхан даргаа солих бөөн хүсэл бөгөөд 2025 оны нэгдүгээр сард дүрэм, хөтөлбөрөө солих нэрээр Л.Гантөмөрөөсөө салихыг далим болгож байлаа.

Тийм  ч учраас Ардчилсан намын бүлэг тус заалтын хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэдэг албан ёсны байр суурийг илэрхийлсэн юм. Тэднийг энэ байр сууриа илэрхийлсний дараа Еөнхийлөгч уулзаж, дэмжихийг хүссэн гэх мэдээлэл яригдаж байгаа. Хэрвээ Л.Гантөмөрийг сольвол Ардчилсан намынхан Засгийн газрыг огцруулах асуудлыг босгож, бужигнуулж мэдэх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхий сайд Л.Гантөмөртэй гол хуйвалдаанаа хийж, энэ заалтыг хойшлуулахаар болсон талаар улс төрчид ярьж байна. Энэ аргаа хэрэгжүүлэхийн тулд нэг хүний тодотголтой, халаасны намуудаар Төрийн ордонд мэдээлэл хийлгэсэн нь хүртэл танил технологи байлаа.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 оны сонгуульд дахин нэр дэвших хүсэлтэй. Тэгэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентаас сонгогдохоор төлөвлөж байж болзошгүй байгаа. Тэр хүслээ гүйцэлдүүлэхэд МАН, АН, ХҮН-ийг зангидах одоо байгаа хэдтэйгээ харилцах нь өөрт нь илүү амар. Дундуур нь өөрчлөлт орвол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тун хэцүүн дээр парламентад суудалгүй намууд гадаа гараад жагсчих эрсдэлтэй тулд амар тайван Ерөнхийлөгчийн сонгуулийг хийснийхээ дараа энэ хуулийг хэрэгжүүлье гэж болзошгүй байгаа юм. Юу үнэн Засгийн газрын өргөн барьсан уг төслийг тав, зургаагаас бусад бүх гишүүд дэмжиж байна. Тэд чиглэлтэй ажиллаж  байгаа бөгөөд дэмжээд явуулах нь тодорхой байгаа юм. Тиймээс бүгдийнх нь эрх ашиг шингэсэн энэ заалт 2027 оны 8 дугаар сараас хэрэгжих нь тодорхой нь байна.