"Даргаа сольж, Хамтарсан ЗГ тарах" нөхцөлийг бүрдүүлэх Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг АН-ын 13 гишүүн хойшлуулах саналыг өгчээ

"Даргаа сольж, Хамтарсан ЗГ тарах" нөхцөлийг бүрдүүлэх Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг АН-ын 13 гишүүн хойшлуулах саналыг өгчээ

"Улс төрийн намын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан боловсруулж, 2023 оны долдугаар сард батлуулсан. Энэ хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан ч Ерөнхийлөгчийн сонгууль дуустал буюу 2027 оны наймдугаар сар хүртэл хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төслийг УИХ-аар яаралтайгаар хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гараг /2024.11.22/-т  өргөн барилаа.

Тэгвэл уг хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах саналыг өнгөрсөн даваа гарагийн АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн байна. Улмаар тус намаас парламентад суудалтай 31 гишүүн хуралд оролцсоноос 18 нь дэмжсэн бол үлдсэн 13 нь буюу УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Ч.Лодойсамбуу, Д.Энхтуяа, Ж.Баясгалан, Ц.Туваан, Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн, Ж.Батсуурь, С.Цэнгүүн, С.Одонтуяа, Э.Одбаяр, П.Батчимэг, А.Ганбаатар нарын гишүүд дэмжээгүй байна.

Өөрөөр хэлбэл Хамтарсан Засгийн газарт АН-аас багтсан сайд нар бүгд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжсэн байна. Тэд хэрвээ Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд, дүрмээ өөрчлөх, намын даргаа сонгох зэргээр дотроо бужигнаад эхэлбэл Хамтарсан Засгийн газар ганхаж болзошгүй хэмээн бодсон байж болох. Улмаар Хамтарсан Засгийн газарт АН-аас багтсан сайд нар одоогийн суудлаа хамгаалж үлдэхийн тулд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжиж байж магадгүй байна.