Ёс зүй дэгийн байнгын хороо лхагва гарагт хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх "нэг удаагийн дэг"-ийг гаргана

Ёс зүй дэгийн байнгын хороо лхагва гарагт хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх "нэг удаагийн дэг"-ийг гаргана

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.11.22/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс хамгийн ихээр ирүүлсэн асуулт бол Ерөнхийлөгчийн хоригийг ердийн хуулиар хэлэлцэх үү эсвэл нэг удаагийн Дэгийн хуулиар хэлэлцэх үү гэдэг тухай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Дэгийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах юм уу. Эсвэл шууд хоёрдугаар хэлэлцүүлгээсээ эхлээд төсвөө хэлэлцээд явах юм уу" гэсэн бол УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Ерөнхийлөгчийн хоригт зориулж зөвхөн нэг удаагийн дэг гаргах уу эсвэл цаашдаа мөрдөж явахаар дэг гаргах уу. Өнөөдрийн хоригийг тал талаас нь ярилцаж байгаад хүлээн авах байх гэж бодож байна. Цаашдаа иймэрхүү хууль эрх зүйн байдалтай холбоотой маргаантай асуудлыг тодорхой болгох хэрэгтэй" гэсэн юм. 

Тэдний асуултанд УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж "Хэрвээ УИХ ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хэрхэн яаж хэлэлцэх асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороо шийдэх ёстой. УИХ-ын есөн удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентад төсөвтэй холбоотой есөн  удаа хориг тавьсан байдаг. Бүхэлд нь тавьсан зургаан удаагийн хоригийг УИХ нэг ч удаа хүлээн авч байгаагүй. Хэсэгчилж тавьсан гурван удаагийн хоригийг нэг удаа буюу 2005 онд хүлээн авч байсан. Энэ үед УИХ-ын Дэгийн тухай хууль байгаагүй. Дэгийг УИХ-ын тогтоолоор зохицуулдаг байсан. Ёс зүй дэгийн байнгын хороо ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн яаж хэлэлцэх нэг удаагийн дэгийг тогтоолоор боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Тус тогтоолыг УИХ-ын гишүүдийн олонх нь баталбал тухайн хорооны боловсруулсан дэгээр ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явна" гэсэн юм. 

Тэгвэл ирэх лхагва гарагт /2024.11.27/ Ёс зүйн дэгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг гаргах аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ёс дэгийн байнгын хороо нэг удаагийн дэгийг гаргаж УИХ-аар хэлэлцүүлж магадгүй аж.