СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговьд өнөөдөр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговьд өнөөдөр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Өнөөдөр /2024.11.24/ Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Харин маргааш буюу энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ сарын 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 25-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. Энэ сарын 26, 27-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.