УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг нь Засгийн газар, УИХ-ыг хоёр талаар нь аварч байгаа юм. Нэгдүгээрт, улс төрийн хүрээнд аварч байна. Дахиад бүтэн сарын төсөв дагах улс төрийн пянг Засгийн газар, УИХ дийлэхгүй байсан. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагааг цаг алдалгүй залруулах боломжийг төрийн тэргүүн олгож байна.
Угтаа бол төрийн тэргүүний хоригт байгаа үзэл санаа, асуудлуудыг УИХ-ын гишүүд төсвийн хуулийн хэлэлцүүлгийн явцад хэлээд л байсан. Энэ асуудал дээр УИХ-ын удирдлага, Засгийн газар дүгнэлт ёстой. Хоригийг хүлээж авсан тохиолдод магадгүй төсвийг хэлэлцэх хурлын дэгийг өөрчлөх, нөхцөл байдал, шаардлага байгааг үгүйсгэхгүй. Тэр дэгээ баталж байгаад хэлэлцэхгүй бол ЕТГ-ын дарга " Хоригт заасан үндэслэл хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй" гэж хариуцлагатайгээр хэллээ. Тиймээс УИХ, Засгийн газар маш нухацтай хандах ёстой. Хэлээд байхад Үндсэн хуулиа зөрчих хүртлээ, дүлийртлээ, сохорчихгүй байх тал дээр хатуу сануулгыг өгөх ёстой. Энд хэн буруутан болж дуусав. Жавхлан бол "Ерөнхийлөгчийн хоригийг талархалтай хүлээж авч байна. Юмаа бэлдсэн байсан" ухааны юмыг өнгөрсөн хойно нь ярьж байна лээ. Төсвийг баталсан УИХ-ын гишүүдийг буруутай мэтээр ярьж байна лээ. Үгүй шүү дээ. "Төсвийг батлачихаад араас нь тодотгол хийх тогтоол гаргаж болохгүй, Үндсэн хууль зөрчинө" гэдгийг Сайнзориг гишүүн хэлээд байсан шүү дээ. Үүнийг хэн санаачилсан юм. Хууль зүйн хувьд алдаагүй батлах хувилбар байсан. УИХ-ын удирдлагын багт би саналаа хэлж байсан. Чуулганы хуралдаанаас гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг рүү буцаах шийдэл байсан. Нүд нь тагларч, чих нь дүлийрсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог, манай энэ Жавхлангаас эхлээд. Бизнес эрхлэгч, парламент нь хэвлэлийн хурал хийгээд тоо үндэслэл хэлээд шаардаад байхад таг дүлий. Ингэтлээ данхайсан байна. Үүнд сануулга, цэг тавих газар нь парламент шүү. Парламент энэ ажлаа хийх ёстой.
ВИДЕО: