УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: Бид тодорхой хэмжээний хэмнэлт хийж, алдагдалгүй төсөв батлавал төгрөгийн ханшны уналтад бага ч болов нэмэр болно. Мөн хуримтлал нэмэгдүүлэх, үнийг тогтооход нэлээн ач холбогдолтой учраас би дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Д.Алтанхуяг: Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьсан нь зөв зүйтэй зүйл боллоо. УИХ-ын өчнөөн олон гишүүн санал санаачилга гаргаад байхад өөдөөс нь худлаа молиго өмхүүлээд, хойноос нь УИХ-ын тогтоол гаргаж хууль зөрчиж, батлагдаагүй төсөвт тодотгол хийх солиотой тогтоол гаргасан. Энэ бол УИХ-ын хийсэн ажил биш, хэдэн дарга нарын хийж байгаа ажил. Одоо УИХ ялд унана. Би гараа өргөж ажлын хэсэгт ороод сүрхий юм хийчихье гэтэл МАН-ын бүлэг хуралдаад л бандан тас болж ямар ч өөрчлөлтгүйгээр баталсан. Танай намын бүлэг үүнийг өөрчлөх хүсэл зорилготой байна уу. Тэгэхгүй бол өөрчлөхгүй. Би одоо ажлын хэсэгт орохгүй. Тоглоомын хүүхэлдэй байхаа болъё. Засгийн газрын оролцоотойгоор төсвөө янзлахгүй бол УИХ хэрэгт орно. Дараа нь УИХ хаа, гуяар нь салгачихсан гэнэ. Урсгал зардлыг хангалттай танаж болохоор байгаа. Хууль зөрчөөд зөвхөн нийслэл дээр гэхэд 2000 орчим ухуулагч ажиллуулж байгаа шүү дээ. Хэсгийн ахлагч нэртэй. Тэдний цалинд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоо талцахгүйгээр монголчуудын амьдралд нэмэр болохуйц байдлаар үүнийг засч янзлаачээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ер нь төсөв хэтэрхий өссөн нь үнэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригоор алдагдлаа хасах нь зөв. Хамгийн ач холбогдол бол цаашдаа өсөхгүй байхад анхаарах ёстой. 2-3 жилийн өмнөөс би төсвийн өсөлтийг ярьж эхэлсэн. Дан ганц нүүрснээс хамаарч байна. Нүүрсний үнэ унавал яах юм. Сая төсөв орж ирэхэд хүртэл би хэлсэн, таг л байсан. Нэгэнт төсөв ингээд өссөн хойно танах маш хэцүү. Гишүүд өөрсдөө оролцоод танах хэрэгтэй. Б.Түвшинг би хасаад ороод ир гэхэд 306 тэрбумыг хасаж орж ирсэн. Гэтэл яагаад 3.6 их наядаар хас гэж мэдэгдэл хийснийг ойлгоогүй. Ажлын хэсэг дээр энэ нь 32 тэрбум болж үлдээд чуулган дээр ороод хасагдаагүй. УИХ төсвөө хасаж чадахгүй байна шүү дээ. 28 тэрбумын эрхийн бичгийг ч хасаж чадахгүй байна. 18 тэрбумын ваучерийг хүртэл хасч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр хоригоор хасах байх. 3.6 тэрбум хас гээд байгааг би үзсэн. Үүний 1.4 тэрбум нь цалин, тэтгэвэр тэтгэмж, цэргийн нэмэгдэл. Хүчний байгууллагынх 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ жилийн нэмэгдэл шүү. Цаана нь бүсийн хөгжлийг дэмжих зам, дэд бүтэц нь 1.4 тэрбум. Гурван тэрбум нь зөвхөн энэ хоёр. Цаана нь 600 тэрбум л байгаа юм. Үүнд гурван хурал л байгаа. Би хувьдаа бүтцийн өөрчлөлт хийж хасахаас өөр аргагүй гэж харсан. Цалин 2020 оноос хойш 3 дахин нэмэгдэж 7 их наяд болсон байна. Энэ нь үрэлгэн орон тоонууд нэмэгдсэн гэсэн үг.
ВИДЕО: