Б.Жавхлан: Засгийн газрын зүгээс тооцооллоо эргэн харж, урсгал зардлаас 2.2 их наядыг танана

Б.Жавхлан: Засгийн газрын зүгээс тооцооллоо эргэн харж, урсгал зардлаас 2.2 их наядыг танана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх хурлыг УИХ-аар ойрын хугацаанд хийх байх. УИХ хүлээж авах байх. Цаашид төсвийн бодлогын дагуу алдагдалгүй төсөв баталж байя гэдэг хандлагыг Засгийн газар дэмжиж байгаа. Алдагдалгүй төсөв байлгахын тулд бид нэлээд үйл ажиллагаагаа танах, хөрөнгө оруулалтаа гацаах, хойшлуулах болж байна. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд "дэд бүтэц, дэд бүтэц" гэсэн төсвийг өргөн барьсан. Мөн 2025 онд тойргуудад жижиг хөрөнгө оруулалтыг тавиагүй. Нэг удаа энэ зарлагаа тэвчиж байгаа. Төсөв алдагдалгүй байх ёстой гэж үзэж буй бол Засгийн газрын зүгээс тооцооллоо эргэн харна. 2025 оны төсөв нь 2 хувийн алдагдай байгаа. Харин ковидын үед манай төсөв 8.4 хувийн алдагдалтай байсан. Дөрвөн жилийн хугацаанд шат дараатай буусаар 2 хувьд ирж байна. Энэ жилийн нэмэгдсэн төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардлууд байна. Жишээ нь, цалин, тэтгэврийн нэмэгдэл, хууль хүчний байгууллагын зардлын өсөлт, боловсролын салбар дахь хуулийн реформ гэх мэт. Эдгээр өсч буй зардлыг эргэж харах нөхцөл байдал үүсч байна. Мөн гадаад томилолтын зардал, соёлын яамны ваучер зэрэг нь алдагдалгүй төсөв батлахад маш бага хувь эзэлнэ. Алдагдалгүй төсвийг батлахын тулд нэлээдгүй таналт хийх нь. 

Энэ асуудалд Засгийн газар бэлтгэлтэй байгаа, тооцооллоо хийсэн. Маргааш, нөгөөдөр УИХ-аар хоригийг хүлээж авах асуудлыг хэлэлцэх байх. Хүлээж авна ч бодож байна. Таналтыг хөрөнгө оруулалтаас эхэлнэ. Ирэх оны төсөв маань 5.7 их наядын өсөлттэй байгаа. Үүнийх нь 1.7 их наяд нь хөрөнгө оруулалт юм. Үлдсэн 70 хувь нь салбар, салбарын хуулинд орсон өөрчлөлтийн дагуу шууд нэмэгдэж буй зардлууд. Хамгийн сүүлд нь урсгал зардлаа танана. 2.2 их наяд орчим төгрөгийн зардлын таналт хийж байж алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэнэ. Үйл ажиллагааны хувьд жигд таналтыг хийнэ" гэлээ.