Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд хориг тавихаар болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд хориг тавихаар болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд хориг тавихаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавих уу эсвэл хэсэгчилж хориг тавих уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. 

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байсан ч УИХ-аар энэ сарын 8-ны өдөр баталсан. Учир нь зарлага өндөр, алдагдал 1.9 их наяд төгрөг байгаа юм. Тиймээс зарим гишүүд төсвийг 3 гаруй их наяд төгрөгөөр танахыг шаардаж буй.  Улмаар 2025 оны төсвийн төслийг энэ сарын 18-ны өдөр ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ба Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж хуульчилсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд парламент ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66,6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах юм.