УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталсан. Тогтоолд заасан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга танилцуулав.
Тогтоолын төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ.
- Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
- Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах;
- Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргад даалгах бөгөөд тогтоолыг 2024 оны арваннэгдүгээр сарын 26-наас дагаж мөрдөхөөр тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Уг асуудлыг ирэх пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэх юм.