Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-ийн төслийг боловсруулж, өнгөрсөн онд УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд 2024 арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирж буй суудлын автомашинд Улаанбаатарын серийн дугаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл уг асуудлаар нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Хотын дарга Х.Нямбаатар нар маргалдав.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол тэнэг залхуу, эсвэл авлига ашиг сонирхлын зөрчилтэй хүний л бодол, шийдвэр. Түгжрэлээс бүр салчихсан том хот гэж байхгүй. Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь,
1. Нийтийн тээврийг төрөлжүүлсэн.
2. Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон.
3. Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцөлийг бүрдүүлсэн.
4. Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр.
5. Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна.
6. Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна. Нэгдүгээрт, танай Бээжин, Шанхай, Сингапур машины тоог хязгаарлахын өмнө нийтийн тээвэр, хувийн машин ашиглахгүйгээр хүн хүссэн цэгтээ тээргүй очих нөхцлийг хэрхэн бүрдүүлснийг харсан уу. Гудамжаар нь алхаж, нийтийн тээвэрт нь сууж үзсэн үү. Дуураймаар аядаж байгаа бол дарааллыг нь зөв тооцож мэдэхгүй бол асууж байгаач очсон газраасаа. Хоёрдугаарт, таны санаачилж өмнөх Их хурлаар батлуулсан, авлигыг тувт өөгшүүлэх “Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО” гэсэн нь шууд бусаар импортыг хориглосон, хүний оршин суугаа нутагтаа тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд халдаж, хязгаарласан заалт, оролдлого биш үү. Биш бол энэ хязгаарлалт чинь түгжрэлд ямар ч сайн нөлөөгүй юм биш үү. Худлаа ярихаа боль" гэжээ.
Харин Хотын дарга Х.Нямбаатар "Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн. Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон. УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш" гэлээ.