Улаанбаатар хотын хамгийн том, албан ёсны асуулт хариултын тэмцээн болох Quiz Night-ын хөтлөгч О.Мишээл буюу Микотой бид ярилцлаа. Тэрбээр, “Quiz Night бол шинэлэг уур амьсгалтай, цоо шинэ соёл” гэж онцолсон юм.
ВИДЕО:
-Уншдаг, судалдаг, мэдлэгт дурладаг, оюунлаг залуусын коммюнитиг Quiz Night бүрдүүлж чадсан юм шиг санагддаг. Энэхүү арга хэмжээг хэзээнээс зохион байгуулж эхэлсэн бэ?
-2017 оны нэг сард хамгийн анхны Quiz event циркийн хажууд байдаг Crown ресторанд Шо Хеннэси гэдэг англи залуугийн санаачилгаар зохион байгуулагдаж, би хөтөлж байлаа. Тухайн үед ч, одоо ч иймэрхүү асуулт хариултын тэмцээн, арга хэмжээ ижил сонирхолтой залуусын дунд олон болдог. Гэхдээ манай Quiz Night бол Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа хамгийн олон оролцогчтой, тогтмол зохион байгуулагддаг арга хэмжээ болоод явж байна.
-Долоон жилийн турш тасралтгүй зохион байгуулсан юм байна. Нэг удаагийн арга хэмжээнд хамгийн ихдээ хичнээн хүн оролцдог вэ?
-Манай өөрсдийн зохион байгуулсан рекорд гэвэл 75 баг орж байсан. Нэг багт 6 хүнтэй гэхээр 450 орчим хүнтэй арга хэмжээг UG Palace буюу “Уран ган”-д зохион байгуулж байсан. Ер нь долоо хоногийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг. Нэг удаагийн арга хэмжээнд дунджаар 50 баг оролцдог. Бидэнд 100 багтай арга хэмжээ зохион байгуулах эрмэлзэл бий.
-Нэг талаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа хэлбэр гэж бодож байна. Зохион байгуулагчдын зүгээс Quiz Night арга хэмжээний үнэ цэн, үр өгөөжийг хэрхэн хардаг вэ?
-Үр өгөөжийн тал дээр бол чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэдэгт орох байх. Үүнээс гадна ухаалаг утас гэдэг юмнаас хоёр, гурван цагийн хугацаанд холдуулж өгч буйгаараа давуу талтай. Цаасан дээр гараараа хариулт бичдэг. Дээр нь арга хэмжээний үеэр тавигдсан 30 асуултаас ядаж 10 асуултыг нь тогтоогоод үлддэг.Тэгэхээр залуучууд үр дүнтэй hang out хийж байна гэсэн үг.
Мөн Quiz Night-д оролцдог залуучууд сүүлийн үед Quiz-д оролцдог гэдгээ гоё имиж болгодог болсон байна лээ. Байгууллага дотор манай энэ Quiz-д оролцдог гээд бусдад танилцуулдаг ч юм уу. Quiz дээрх асуултаа байгууллага дээрээ цайны цагаараа асуудаг ч юм уу. Энэ арга хэмжээ маань өөрөө гоё соёл болж хөгжиж байгаа гэдэгт итгэдэг. Quiz-дээ дуртай, Quiz-ээ тасалдаггүй оролцогчид өдөр тутам нэмэгдсээр байна. Тэгэхээр зохион байгуулагчид бидний зүгээс ч гэсэн Quiz-ын чанарыг сайжруулахын тулд илүү гоё таатай, enjoy хөгжилдөж чаддаг эвент болгохын төлөө илүү анхаарч байгаа6
-Мэдлэг бол хүч гэдэг. Мэдлэгт дуртай, ахуй амьдралын наад захын асуудлаа шийдэж чадсан залуучууд энэ арга хэмжээнд илүүтэй оролцдог юм шиг санагдсан. Quiz Night-д оролцдог залууст байдаг нийтлэг зүйл ч юм уу, онцлог гэж байдаг болов уу?
-Манай багийн зүгээс Quiz night-д оролцдог оролцогчдынхоо дунд ямар түвшний, хэд орчим насны залуучууд манай эвентэд оролцож байна гээд хоёр ч удаа судалгаа хийсэн. Ерөнхийдөө дунд түвшний менежерээс дээш алба хашдаг, ахуйн наад захын хэрэгцээгээ шийдчихсэн залуус байдаг. Мөн дээрээс нь Quiz соёлоо ойлгодог, гадаадад их дээд сургуульд сурч байхдаа Quiz-д оролцож үзсэн ч байдаг юм уу, иймэрхүү соёлыг мэддэг залуучууд тодорхой хувийг нь эзэлдэг юм билээ. Бас өөрсдөө сонирхож ирж үзээд дуртай болж чөлөөт цагаа өнгөрүүлдэг дадалтай болсон залуус. Найзуудтайгаа зүгээр нэг газар пиво уугаад суух биш өөрсдийгөө сорьж, мэдлэгийн цар хүрээгээ тэлж, чадвал шагналын мөнгийг хожоод гарахыг хүсдэг залуус их бий. Ер нь Quiz-д дуртай болж, хөгжилтэйгээр хэлбэл “донтсон” залуусын хувьд манай арга хэмжээ амьдралынх нь салшгүй хэсэг болчихсон байдаг. Бид зун нэг сарын хугацаанд, өвөл нэг сарын хугацаанд завсарладаг юм. Энэ хугацаанд манай байнгын оролцогчдод пүрэв гарагт хийх юм олддоггүй гэж ярьдаг. Орой quiz-дээ ирээд сууж байхад гэр бүлийнх нь хүмүүс хаашаа явсан гэж хэзээ ч асуудаггүй. Угаасаа quiz-дээ явсан нь ойлгомжтой гэдэг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болчихсон оролцогчид байдаг. Тийм оролцогчид их олон болж байна.
-Хүн амьдралаас зөвхөн мэдрэмж авах гэж төрдөг гэж сэтгэлзүйчид үздэг юм билээ. Quiz Night-д оролцох нь, энэ арга хэмжээний нэг хэсэг байх нь өөрөө тухайн хүнд давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг болов уу?
-Quiz өөрөө шинэлэг уур амьсгал л даа. Бидний сүүлийн жилүүдэд сурсан нэг шинэ соёл гэвэл комеди байна. Комеди бол их гоё соёл болж гарч ирсэн. Залуучууд хэдийнэ сард нэг удаа комеди үздэг тийм соёл бий болсон. Quiz Night бол үүнтэй адилхан цоо шинэ соёл болж үүсч байна. Quiz community-н нэг хэсэг болж, нэг оройг найз нөхөдтэйгээ Quiz дээр өнгөрүүлж байгаа нь тухайн хүнд давтагдашгүй мэдрэмж өгдөг. Тэнд оролцож байгаа хүмүүсийн өрсөлдөөнч байдал, асуултын хариултаа сонсох мөч, энэ бүх мэдрэмжүүд нь их гоё байдаг. Жишээ нь,
“Ноён талх ямар өнгийн зангиатай вэ?” гэдэг асуулт тавьж байна. Хариултын сонголт нь “Улаан, цэнхэр, улаан цэнхэр эрээн, зангиа зүүдэггүй” гэдэг дөрвөн сонголт байдаг.
Хариултыг нь хурааж авсныхаа дараа зөв хариултыг нь тайзан дээрээс хэлэхдээ “Ноён талхны зангиа ямар өнгөтэй байдаг вэ” гэсэн асуулт байлаа. Зөв хариулт “Улаан” гэж хэлэнгүүт “Улаан” гэж бичсэн багууд баярлаад бөөнөөрөө орилдог. Тэгэхээр би “цэнхэр, улаан цэнхэр эрээн, зангиа зүүдэггүй” гэсэн сонголтууд байлаа” гэхээр өөрсдийгөө зөв хариулчихлаа гэж бодсон хүмүүс “Биш байсан байна” гээд бие биенийгээ шоолдог ч юм уу, энэ мэт гоё гоё моментууд их болдог.
-Quiz Night-ийн асуултыг ямар хүмүүс, хэрхэн боловсруулдаг вэ. Тун эгзэгтэй, сонирхолтой, санаанд оромгүй асуултууд байдаг шүү дээ?
- Асуулт бэлдэх ажил бол их чухал. Долоо хоног бүр дор хаяж хоёр эвентийнхээ бүх асуултыг бэлдэх ажлыг манай багийнхан хийдэг. Гадаадад амьдардаг эсвэл янз бүрийн мэргэжлээр ажилладаг хүмүүс бидэнд заваараа долоо хоног бүр Quiz Master руу асуулт явуулдаг. Асуултыг янз бүрийн байдлаар бэлдсэн байж болно. Гэхдээ Quiz асуулт өөрөө ямар хэцүү юм, ийм тэнэг асуулт байхдаа яах вэ дээ гэж бодогдохоор байвал хэцүү болдог. Тэгэхээр асуултыг тодорхой хэмжээнд найруулдаг хүн бий. Тэр ажлыг Quiz Master хариуцдаг. Асуултын бас нэг чухал нь юу вэ гэхээр аймар хүнд байж болдоггүй. Аягүй амархан байж болдоггүй. Дундуур нь бөгөөд хариулах гэж үзээд, багаараа ярилцаж үзэж байгаад ямар ч гэсэн нэг хариулт бичээд явуулдаг. Тэр нь буруу байсан ч зөв хариултыг нь сонсох үедээ “Өө тийм байна ш дээ”, “Аа бас зэвүүн асуулт байна шүү” гэдэг бодол төрж байвал Quiz Night илүү гоё болдог.
-Саяхнаас та бүхэн Single Quiz арга хэмжээг лхагва гарагт зохион байгуулж эхэлсэн байсан. Quiz сонирхогчдын тоо нэмэгдэж байна гэдэг ойлголт төрсөн. Зохион байгуулагчдын зүгээс цаашид Quiz Night-аа хэрхэн өргөжүүлж, тэлэхийг зорьж байна вэ?
-Тийм. Single Quiz бол ганц бие залууст зориулсан арга хэмжээ биш гэдгийг юуны өмнө онцлох хэрэгтэй байх. Энэ бол Quiz-д орохыг хүссэн ч зургаан хүнтэй баг бүрдүүлж чадахгүй байгаа залууст зориулсан арга хэмжээ. Мягмар гарагийн Roockie Quiz бол аваргууд оролцдоггүй, Quiz-ийг анхлан сонирхогчдод зориулсан арга хэмжээ. Зохион байгуулагчдын зүгээс цаашдаа дунд сургуулийн хүүхдүүд, оюутнуудыг сорих төлөвлөгөө байна. Их сургуулиудыг хооронд нь сорьж үзмээр байна. Хувийн сургуулиуд өөрсдийгөө мундаг гэж танилцуулаад байдаг. Улсын сургуулиуд нь угаасаа мундаг гээд оюутнууд нь өөрсдөөрөө бахархаад байдаг. Урлаг спортоор өрсөлдөх бүх талбар нь байдаг. Тэгвэл мэдлэгээрээ өрсөлдөх боломжийг бий болгохыг зорьж байна. Магадгүй МУИС лаг юм уу, МҮИС лаг юм уу гэдэг ялгаа хүртэл ийм зүйл дээр харагдах боломжтой.
Мөн бидэнд цаашид энэхүү арга хэмжээгээ контент болгож хүргэх юм сан гэдэг мөрөөдөл зорилго бий. Хуучин “Центавр”, “Элсэн цаг”, “Агшин” гээд мэдлэгийн гоё нэвтрүүлгүүд гардаг байсан. Тэрэн шиг зурагтаар гардаг болвол гэсэн бидний зорилго, мөрөөдөл байдаг. Туршиж үзсэн контент ч бий. Сонирхсон хүмүүс Youtube дээр UB Quiz night гээд хайгаад үзвэл гарч ирнэ.