Чингис хааны музейд Марко Пологийн тусгай үзэсгэлэнг нээжээ

Чингис хааны музейд Марко Пологийн тусгай үзэсгэлэнг нээжээ

Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү Марко Пологийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд “Марко поло, Хубилай хаан, монголчууд” нэртэй тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд нээжээ.

Тодруулбал Монголд анх удаа нээж буй уг үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музей, ССАЖЗЯ, Итали улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Венецийн их сургуулийн монгол хэлний багш, монголч эрдэмтэн Элизабетта Рагагнин нар хамтран зохион байгуулж байгаад бөгөөд нээлтийн ёслолд Итали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта, “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцсон байна. Мөн нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун хэлэхдээ “Монголчуудын түүхийг дэлхий дахинд, ялангуяа Европт түгээсэн хүн бол Марко Поло. Түүгээр дамжуулан ертөнцийн зүүн жигүүрт байгаа нүүдэлчин ард түмнийг мэддэг болсон гэж ярьдаг. Энэ хүний тэмдэглэл Монголын түүхийг дэлхий дахинд сурталчлах томоохон хөшүүрэг болсонтой хэн ч маргахгүй билээ. Энэ үзэсгэлэнгээр тэр үеийн Монголын эзэнт гүрэн болоод Юань монголчуудад хэрхэн тусаж байсныг харуулахыг зорьсон юм.  Түүнчлэн Чингис хааны үеийн зэр зэвсэг, дайн байлдааны үед хэрэглэж байсан эд зүйлс өнөөдрийг хүртэл нүүдэлчдийн хэв маяг хэрхэн хадгалагдаж үлдсэнийг Марко Пологийн тэмдэглэл ба өнөөдрийн монголчууд гэсэн дүр зургаар харуулахыг хичээлээ” гэлээ.