Монголын худалдаа аж, үйлдвэрлэлийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдоод дөрвөн сар гаруй болж байна. Харин УИХ-ын гишүүн нь "давхар" ажил хийх нь хуулиар хориотой тул Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болсон.
Иймд дараагийн ерөнхийлөгчийг томилохоор МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /2024.11.28/-нд хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл МҮХАҮТ-ын дараагийн ерөнхийлөгчид Шунхлай холдинг ХХК-ийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайхан, мөн Таван Богд группийн Ерөнхийлөгч, Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баатарсайхан нар өрсөлдөхөөр яригдаж байгаа ажээ. Мөн тэдэнтэй МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн өрсөлдөж магадгүй байгаа аж.
Сонирхуулахад, МҮХАҮТ нь бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэхэд зорьдог. Харин өмнө нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин, Д.Энхтүвшин нарын "гүйцэтгэх түвшин"-ий хүмүүс өрсөлдөж, ажиллаж байсан бол энэ удаа монголын томоохон татвар төлөгч группийн эзэд өрсөлдөж байгаа нь онцлог болж байна.