УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, анх удаа парламентад 126 гишүүн сонгогдсоноос дийлэнх буюу 80 гишүүн нь УИХ-д анх удаагаа сонгогдсон. Тэгвэл Намрын ээлжит чуулган үргэлжилж буй энэ үеэр шинэ парламент анхны хуулийн төслүүдээ хэлэлцэн баталсаар байна.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр шинээр сонгогдсон залуу гишүүд байр сууриа илэрхийлж, олон жил дараалан парламентад сонгогдсон намынхаа ах нарыг хүчтэй шүүмжилж байгаа нь УИХ-д “Шинэ салхи” сэвэлзэх болсныг илтгэж, УИХ-ын 126 гишүүнтэй болсон нь зөв шийдвэр байж гэдгийг батлан харуулж байна. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы хуралдааны үеэр УИХ-д 3-5 удаа сонгогдсон Ц.Даваасүрэн, Х.Баттулга, С.Ганбаатар нарын өмнөөс зоригтой дуугарч буй шинээр сонгогдсон 1980-аад оны төлөөлөл болох П.Сайнзориг, Ж.Шижир, Н.Батсүмбэрэл нарын гишүүд тодорч байна.
-ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ШИНЭ ГИШҮҮДИЙН ХҮЧТЭЙ ТЭМЦЭЛ ЕРӨНХИЙ САЙДЫГ САНДАРГАВ-
2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр шинэ, залуу гишүүд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж, үрэлгэн Засгийн газрыг эрс буруушаан шүүмжлэв. Тэднийг Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарын гишүүд манлайлж, хэт данхайсан төсвийг эсэргүүцэж, Засгийн газарт төсвөө буцаан татах шаардлага хүргүүлсэн. Тодруулбал ирэх оны төсвийг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг тавьсан юм. Тэд ах, эгч нар шигээ АН, МАН болж хуваагдсангүй, манайх танайх ч гэж ялгасангүй. Хэт үрэлгэн байгаа Засгийн газрыг л шүүмжлэв. Улмаар уг саналыг дэмжиж багагүй гишүүдийн гарын үсгийг цуглуулсан ч олонх болж чадаагүй. Гэсэн ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төсвийн тодотгол хийх санал гаргаж, улмаар төсвийн тодотголоор үр шимгүй зардлаа танасан алдагдалгүй төсөв оруулж ирэх шаардлагатай болов.
Мөн Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ анх удаа Сангийн яаманд очиж уулзалт хийж, алдагдалгүй төсөв батлах үүрэг өглөө. Өмнөх жилүүдэд жил бүр алдагдалтай төсөв баталж байсан ч энэ удаагийнх шиг Ерөнхий сайд нь өөрөө алдагдалгүй төсөв батлахыг даалгаж байсан удаагүй.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гараг /2024.11.14/-т Сангийн яаманд ажиллаж, Сангийн сайд Б.Жавхлангийн төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг сонсов. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж, зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстой” хэмээн сануулав.
Ийнхүү шинэ гишүүдийн зориг, зорилго, дуу хоолой бага ч атугай зорьсондоо хүрч, олон нийтийн шүүмжлэл болон шинэ гишүүдийн шаардлага Ерөнхий сайдыг сандаргаж, өөрийн бизэр Сангийн яамандаа үүрэг өгч, тэд алдаагаа зассан, алдагдалгүй төсөв оруулж ирэхэд анхаарахаар болов.
-С.ГАНБААТАР, Ц.ДАВААСҮРЭН НАРЫН ГИШҮҮДИЙН САНАЛЫГ ШИНЭ, ЗАЛУУ ГИШҮҮД БУРУУТГАЖ, “ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ГЭХ ХУДАЛ МАСКАА ОДОО ТАЙЛ" ГЭВ-
Мөн энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ. Гэтэл нөгөө л Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын гаднын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг гишүүд шар нунтгийг иргэдийг хордуулж алах зэвсэг мэтээр ярьж, суурь АМНАТ-ийг дэлхийд байхгүй өндөр жишиг болох 9 хувь болгох саналыг гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурлын үеэр суурь АМНАТ-ыг 5 хувь бус 9 хувь болгон нэмэгдүүлэх саналыг гаргаж, байнгын хорооны гишүүдээсээ дэмжлэг аваад байсан.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Гишүүд маань ураныг аюулгүй л гээд байгаа юм. Энэ чинь цацраг идэвхит ашигт малтмал гэдэг нэртэй юм шүү дээ. Жилд 15 мянган тонн хүхрийн хүчлийг газар эхийн хэвлий рүү шахаж байж үүнийг олборлоно гэж байгаа. Яаж дээрэлхэж байна гээч. Гишүүд минь Улаанбадрахад очиж амьдрах юм шиг сэтгэл зүрхээ гаргаж кнопоо дарна гэж итгэж байна. Энэ бол ноцтой аюултай зүйл. Би энэ хүхрийн хүчлийн талаар эцсээ хүртэл явна. Хөрөнгө оруулагч нар ч энэ асуудал УИХ дээр яригдсаныг мэдэх ёстой” хэмээн өгүүлэв.
Тэдний энэхүү мэдэгдэл нь нэг ёсондоо ураны төслийг зогсоож, гаднын хөрөнгө оруулалтыг болиулах асуудал байв. С.Ганбаатар өмнөх 10-аад жил Оюу толгойг ярьж, улс төржүүлж, хөрөнгө оруулалтыг гацаахаар уйгагүй зүтгэж байв.
Харин түүний хариуд Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, “УИХ-д олон жил суучхаад бүгдийг мэддэг юм шиг царайлдаг ах нар одоо больцгоо. Эх оронч дүр гаргаж, эх орны эсрэг юм хийдгээ боль. Ганбаа ахаа одоо наад маскаа тайл. Худлаа попорч, худлаа жүжиг тавьж эх оронч царай гаргадаг хүмүүсээ бид бодитой харах хэрэгтэй. Одоо нэгнээ хамгаалж, дэвэргэж, энэ байдлыг олон жил парламентад хийж хэвшицгээсэн юм байна лээ. Санаачилсан тэр нөхөр /Ц.Даваасүрэн/ өөрийнхөө удирддаг хороон дээр ирцийг нь харж байгаад хийчихсэн юм шиг байгаа юм. Харин АББГБ-ын хороон дээр бүтэн ирцтэйгээр энэ төслийг явуулна гэж дэмжсэн шүү. Тийм учраас /Ц.Даваасаүрэнгийн суурь АМНАТ-ыг 9 хувь болгох/ энэ саналыг дэмжээгүйг дэмжиж саналаа өгөхийг урилаж байна" хэмээн хатуухан мэдэгдэв. Энэ нь ч зөв. Ц.Даваасүрэн нарын санал гаргасан ёсоор суурь АМНАТ-ийг 9 хувь болгон нэмэгдүүлбэл гаднын хөрөнгө оруулалт зогсоно гэдгийг ч хэлж буй.
ВИДЕО:
-ОРОСТ ИТГЭЖ, БАЙНГА ХУУРТАГТАЖ БАЙДАГ АХ НАРАА БУРУУТГАЖ, БАЙРАНД НЬ ТАВЬСАН 1980-ААД ОНЫХОН-
Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг дээрх Ц.Даваасүрэн сайдын саналыг эрс эсэргүүцэж, “Ц.Даваасүрэн сайдын гаргаж буй саналын эсрэг саналтай байна. Ард түмний төлөө гэж хэлчхээд ард түмэн баялагтаа эзэн байхын эсрэг санал гаргаад сууж байгаа нь харамсалтай. Иймд өнөөдөр энэ саналыг дэмжиж саналаа өгөх гэж байгаа хүмүүс харин ч ард түмний төлөө, Үндсэн хуульд заасан байгалийн баялагийнхаа үр ашгийг хүртэх ард түмний язгуур эрх ашигт нийцэж байгаа гэдгийг хэлмээр байна. Гэтэл үүнийг мушгиж, эх орондоо хайргүй хүмүүс л энэ асуудлыг яриад байгаа юм шиг худал мэдээлэл тарааж болохгүй. Ер нь Казахстаны АМНАТ-ийг авах аргачлал нь өөр. Бид өнөөдрийн үнэ цэнээр авахад ч 14 хувийн АМНАТ авч байгаа. Өөрөөр хэлбэл Казахстан борлуулалт гэхээс илүү ашгаас нь авч байна уу гэдгийг мэргэжлийн байгууллагаас асууж, харьцуулж болно. Ер нь цаашдаа ч гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа, хөрөнгө оруулалт монголд орж ирэхэд нээлттэй байгаа шүү гэдэг мессежийг гишүүд маань кнопоороо илэрхийлээсэй гэж хүсэж байна” гэлээ.
ВИДЕО:
Түүнчлэн пүрэв гарагийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Бид өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал. 2009 онд болсон Хан ресурс гэдэг компанитай холбоотой алдааг давтахгүй байх баталгаа бий юу. Тухайн үед ОХУ-ын талаас Д.Медведевийг Монголд айлчлахаас нэг сарын өмнө Канадын компани эзэмшиж байсан ураны лицензыг цуцлаад Орос Монголын хамтарсан компанид өгснөөр улс төрийн асуудал үүссэн. Орос Улс яг хоёр дахь удаагаа бидэнд бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө гэж амалж байсан ч хэлсэндээ хүрээгүй. Энэ удаагийн амлалт ч худлаа. Тиймээс бид гурав дахь хөрштэйгөө том төсөл хэрэгжүүлэх шаардлагатай" гэлээ.
ВИДЕО:
Ө.Шижир: Оросууд бага оврын атомын цахилгаан станц Монголд барьж өгнө гэж хоёр дахь удаагаа амласан. Энэ амлалт бол худлаа шүү ‼️‼️
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) November 14, 2024
Тиймээс бид гурав дахь хөрштэйгөө ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлэх зүй ёсны шаардлагатай ‼️‼️@UKhurelsukh @OyunerdeneMN @shijir_ok @Bazuulaa… pic.twitter.com/BmK70EYSox
Ийнхүү 1980 онд төрсөн шинэ, залуу гишүүд МАН, АН-аараа хуваагдсангүй. Ах, эгч нараасаа айсангүй. Намынхаа лидерүүдээс ч эмээсэнгүй. Гагцхүү үрэлгэн төсвийг танаж, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хууль тогтоомжийг олон жил парламентад бугшсан популистуудаас ангид байлгахыг зорив. Тэд алдалгүй төсөв батлах шаардлагыг тавьж, Ерөнхий сайдыг хүртэл сандаргалаа. Цөмийн энергийн хууль батлахад ч ялгаагүй ард түмний нэрийг урдаа барьж, хөрөнгө оруулалтыг гацаах зүйл хийх гэж байсныг эрс буруушааж, улмаар саналыг нь унагав. Ингээд харахад холимог тогтолцоогоор сонгосон парламент оновчгүй шийдвэр биш байж гэдгийг батлан харуулж байна.
Сонирхуулахад, Ц.Даваасүрэн гишүүн нь 1964 онд Хөвсгөлд төрсөн бөгөөд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Улмаар 2008-2024 онд хүртэл нийт таван удаа гишүүнээр сонгогдсон юм. Харин С.Ганбаатар гишүүний хувьд 1970 онд Баянхонгор аймагт төрсөн бөгөөд ОХУ-ын Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистрт сурч байсан гэх. Харин тэдний гэсэргүүцэн дуугарч буй П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Ж.Шижир нар бүгд 1980-аад оныхон юм.