Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ сарын 01-ний өдөр /2024.11.01/ цахилгаан, дулааны үнийн шинэчилсэн тарифыг танилцуулна гэж байсан ч нам, гүм болсон. Өнгөрсөн аравдугаар сарын 24-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.
-ДУЛААНЫ ҮНИЙГ ИРЭХ ОНЫ ТАВДУГААР САРААС НЭМНЭ -
Тэгвэл дөнгөж сая /2024.11.15/ Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийж, цахилгааны үнийг 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун " 2024 оны арвандүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэнэ. Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэн. Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцно. Өөрөөр хэлбэл, иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм. Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.
-ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ-
Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн 2 тариф дээр оройн оргил ачааллын цагийн тарифыг шинээр нэвтрүүлж байна. Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт 3 тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.
Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилж байна. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө. Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар өөрчилсөн. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болох юм. Дашрамд, айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна. Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ" гэлээ.